Макао Хонконгийг орлох санхүүгийн төв болно
2019-12-19

 

БНХАУ-ын дарга Ши Жинпин Макаод гурав хоногийн айлчлал хийхээр иржээ. Энэ айчлалын өмнө дэлхийн хэвлэлүүд Хятадын тэргүүн Макаод шинэ санхүүгийн төв байгуулах тухай зарлана хэмээн мэдээлж байлаа. Эх сурвалжуудын онцолсноор Макао Хонконгийг орлох санхүүгийн төв болох магадлалтай гэнэ. 

 

Хоёр хоногийн дараа Макао Хятадтай нэгдсэний 20 жилийн ойн баяр болно. Гэхдээ дэлхий нийт энэ ойг биш харин хагас жил орчим Хятадын эрх баригчдын эсрэг тэмцэж байгаа Хонконгийг орлох санхүүгийн төвийг Макаод байгуулах тухай мэдээлэлд илүүтэй анхаарал хандуулж байгаа юм. 

 

"Сүүлийн 20 жилд Макао асар их дэвшилтэд хүрсэн бөгөөд бид Макаогийн гайхам ололтоор бахархаж байна. Макао "нэг улс-хоёр систем" зарчмыг амжилттай хэрэгжүүлэн, бүх нийтийн анхаарал татахуйц шилдэг туршлагыг нэвтрүүлж байгаа юм" хэмээн Ши Жинпин цохон тэмдэглэжээ. 

 

Макаогийн тухай 

 

Өмнө нь Португалийн колони байсан Макао 650 мянга гаруй хүн амтай. Эдийн засгийн үндэс нь тоглоомын бизнес бөгөөд энэ бизнесээс орлогын 80 орчим хувийг олдог. Мөрийтэй тоглоомыг хууль ёсоор зөвшөөрсөн Хятадын цорын ган бүс нутаг юм. Мөн энэ бизнесийн эргэлт Америкийн Лас-Вегасаас ч хэд дахин давдаг гэсэн мэдээлэл бий. 

 

Гэхдээ зугаа цэнгээний энэ салбарын сөрөг талууд ч бий. Сүүлийн арав гаруй жилд энэ хот мөнгө угаах газрын нэг болсон. Энэ байдлаас салахын тулд ганц хоёрхон жилээр ч тогтохгүй хугацаа шаардлагатай гэж шинжээчид үздэг.

 

Шинжээчдийн үзэж байгаагаар Макаог дэлхийн санхүүгийн төв болгоход 12 жил орчим хугацаа шаардлагатай гэнэ. Үүнээс дэд бүтэц байгуулахад 2-3 жил шаардлагатай, харин үлдсэн жилүүдэд шинэ биржид итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг татахад зарцуулагдах гэнэ.

 

Макао нь Хятадын  хоёр тусгай захиргааны бүсийн нэг. Өөрөөр хэлбэл Макао өндөр зэрэгтэй автономит эрхтэй. Өөр нэг ийм бүс нь Хонконг. 2019 оны зургаадугаар сард Хонконгод Хятад руу гэмт хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслөөс болж эсэргүүцлийн давалгаа үүссэн юм. Эсэргүүцэл өнөө хэр зогсоогүй бөгөөд үүний дүнд Хонконгоос тус хотын түүхэн дэх хамгийн ихээр хөрөнгө гадагшаа гарсан тохиолдол гарсан. Английн банкны мэдээллээр хөрөнгө оруулалтын сангуудаас ойролцоогоор таван тэрбум долларыг гаргажээ. 

 

Энэ нь орон нутгийн захиргаа төдийгүй Бээжингийн санааг ч зовоож байгаа. Харин Макао нь Хонконгод нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд Хятадын хувьд нөөц хувилбар болно гэж шинжээчид үзэж байгаа юм. 

 

Хонконгийн эсэргүүцэл эдийн засгийг СҮЙРҮҮЛЛЭЭ

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
amjihuu
2019-12-19