Трамп албан тушаалаасаа огцроход нэг алхам ойртлоо
2019-12-19

 

АНУ-ын Конгрессын доод танхим тус улсын Ерөнхийлөгчийг буруутгасан үндэслэлүүдийг хэлэлцэн санал хурааж, дэмжжээ. Ингэснээр Трамп албан тушаалаасаа огцрох эсэхийг Сенат шийдэх үлдэж байна.

 

NBC агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импичментийн төлөө төлөөлөгчдийн танхимын олонх нь саналаа өгчээ. Тодруулбал "эрх мэдлээ хэтрүүлсэн" гэсэн үндэслэлээр  импичмент зарлахын төлөө 230 хууль тогтоогч саналаа өгсөн бол 197 нь эсрэг санал өгч, харин гурван хүн санал хураалтад оролцоогүй байна. 

 

Үүний дараа хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн эсрэг буруутгасан, "Конгрессд саад болсон" үндэслэлээр санал хурааж 229 хүн дэмжин 198 хүн эсрэг санал өгчээ.

 

Трампын сонгогдсон нам болох Бүгд Найрамдах намынхнаас хэн нь ч "эрх мэдлээ хэтрүүлсэн" гэсэн үндэслэлээр санал хураахад дэмжсэн санал өгөөгүй гэнэ.

 

Ийнхүү Трампыг буруутгасан хоёр заалт дэмжигдснээр Ерөнхийлөгчийн импичментийг зарлах асуудал Сенатын эрх мэдэлд шилжиж байгаа юм. Өөрөөр хэлвэл Сенатын гишүүд Трампыг зөвтгөх эсвэл буруутган албан тушаалаас нь огцруулах эсэхийг шийднэ.

 

Ингэснээр Дональд Трамп АНУ-ын түүхэнд ерөнхийлөгч импичментийн асуудлаар шүүгдсэн гурав дахь ерөнхийлөгч болж байгаа юм. Өмнө нь 1868 онд Ерөнхийлөгч Эндрю Жексон, 1998 онд Билл Клинтон нар төлөөлөгчдийн танхимын зүгээс буруутгагдаж байжээ. Гэхдээ энэ хоёр тохиолдолд хоёуланд нь сенат тэднийг зөвтгөж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин