Мөрийтэй тоглоом зохион байгуулвал эрүүгийн хариуцлага хүлээнэ
2019-12-19

 

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгээс гаргасан саналын томъёоллоор санал хураалт явуулав. Саналын томъёололтой холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байсан юм. Тухайлбал, Мөрийтэй тоглоомыг Эрүүгийн хуульд оруулж байгаа нь зөв боловч оруулж ирэхдээ олон нийтийн газар гэдгээр тусгах нь хувийн эзэмшилдээ зохион байгуулж байвал хэрхэн зохицуулах талаар УИХ-ын О.Баасанхүү асуулаа. Мөн аз туршин, урьдчилан үр дүнг төсөөлөх боломжгүй гэсэн байгаа нь сугалаа тухайлбал, НӨАТ, зарим төрлийн сугалааг оруулж ойлгох боломжийг бий болгож байгааг хэллээ. Харин УИХ-ын гишүүн Х.Нямбаатар 2015 оны Эрүүгийн хуулиар мөрийтэй тоглоомыг эрүүгийн гэмт хэрэг биш хэмээн Зөрчлийн хуульд оруулахаар болсон гэдгийг хэллээ. Хуулиар хориглосон гэхээр НӨАТ-ын сугалаа орохгүй бөгөөд казино, цахим боломжийг ашигласан мөрийтэй тоглоомыг хориглож байгааг тайлбарлалаа.  Ингээд санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцож буй 45 гишүүний 23 нь дэмжсэнээр мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэхээр боллоо. 

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 

 

-Зөрчлийн тухай хууль хүний хөдөлмөр эрхлэх сонирхлыг бууруулж байна. Өөрт нь мэдэгдэхгүй торгож байна. Тиймээс Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг буцаамаар байна гэсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар төслийг буцаах боломж байхгүй, анхны хэлэлцүүлэг явж байгаа гэдгийг онцоллоо. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

 

-Зөрчлийн тухай хуулийн төслийг хойшлуулах хэрэгтэй. Шаардлага хангаагүй газар мал төхөөрч болохгүй гэж заажээ. Хөдөөний малчин хүн хаана мал төхөөрөх болж байна. 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-УИХ-ын баталсан Генетик өөрчлөлтийн хууль дээр зориулалтын газар мал төхөөрнө гэж байгаа. Шинээр батлагдсан хуулийг авч үзээд, холбогдох саналыг авсан. Засгийн газрын төсөл дээр ажлын хэсэг ажиллаад гаргасан санал дээр Ж.Ганбаатар гишүүн саналаа хэлээд байна шүү. 

 

Ийнхүү Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах горимын санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжлээ. Тиймээс чуулганы хуралдааныг сунган хуралдаж, УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэхээр боллоо. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Тэр хэдэн хурандаа нар чинь зохион байгуулаад та нар очиж тоглодог биздээ төсвөөс шаасан мөнгөөрөө, ядуу ардад наадах чинь падлий ч байхгүй шүү, өөрсдийгөө шалгаад ял өгөөч шаана биз хувалзнууд
2019-12-20