ВИДЕО: Москва хотын төвд зэвсэгт этгээд халдлага үйлджээ
2019-12-20

 

Лхагва гаригт орон нутгийн цагаар 18:10 /Улаанбаатарын цагаар 23:10/ цаг орчимд Оросын нийслэл Москва хотын төв зэвсэгт халдлага гарчээ. 

 

Regnum  агентлагийн мэдээлснээр, Калашниковын автоматаар зэвсэглэсэн этгээд гал нээсэн бөгөөд одоогийн байдлаар хоёр хүн амиа алдсанны нэг нь гэмт этгээд юм байна. 

 

Оросын хэвлэлүүдээр зэвсэгт этгээд гурвуулаа байсан гэсэн мэдээлэл гарч байсан ч хожим нь албан ёсны эх сурвалжууд халдлага үйлдэгч этгээд ганцаараа байсан хэмээн баталжээ. 

 

Энэхүү зэвсэгт халдлагыг ОХУ "алан хядах ажиллагаа" хэмээн зүйлчилсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гэмт этгээд Холбооны аюулгүй байдлын албаны байрны үүдний хэсэгт гал нээсэн гэсэн мэдээлэл гарсан ч хүчний байгууллагууд гэмт этгээд барилга руу нэвтрээгүй, харин барилгын ойролцоо буудаж эхэлсэн гэжээ. 

 

Гал нээсний улмаас Холбооны аюулгүй байдлын албаны хамгаалалтын албаны ажилтан 35 настай Константин Однолепков толгойн тус газраа шархдаж, түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдэх явцдаа нас барсан байна. Үйл явдлын гэрчүүд өөр тийш дуудлагаар явж байсан түргэн тусламжийн машиныг зогсоон, Холбооны аюулгүй байдлын ажилтанд тусламж үзүүлэхээр дуудсан ч харамсалтай нь түүний амь насыг аварч чадаагүй гэнэ. 

 

Халдлагын улмаас Холбооны аюулгүй байдлын албаны өөр нэгэн ажилтан мөн л толгойн тус газраа шархдсан бөгөөд түүний амь насыг аврахаар эмч нар ажиллаж байгаа аж. Мөн хэргийн газрын ойролцоо явсан энгийн иргэн хөлөндөө шархдан эмнэлэгт хүргэгдсэн, амь насанд нь аюулгүй хэмээн Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 


Гэмт этгээд Холбооны аюулгүй байдлын барилгын гадаа гал нээснийхээ дараа 300 метр орчим зайд зугатан, хүчний байгууллагын ажилтнуудтай буудалцаж, улмаар түүнийг устгасан байна. Одоо гэмт этгээдийн мэдээллийг тогтоохор ажиллаж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
manay tuw talbayn chuluun khaalt shig yum bayna
2019-12-20