Дэлгүүрийн кассын машинаар U money карт цэнэглэдэг боллоо
2019-12-23
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийтийн тээврээр зорчих U Money картыг автобусны буудлын ойролцоо байрлах худалдааны цэгүүдэд цэнэглэдэг. Тэгвэл карт цэнэглэх цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор худалдаа үйлчилгээ эрхлэгч 6, 8 нэрийн дэлгүүр, үзвэр үйлчилгээний компаниуд кассын пос программаараа дамжуулан U money картыг цэнэглэж эхэлжээ. Энэ талаар өнөөдөр “Улаанбаатар смарт карт” компанийн Шинэ бизнес төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, Тауэрсофт ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхдөл, “Улаанбаатар смарт карт” компанийн маркетингийн менежер Б.Батзул нар мэдээлэл хийлээ.

 

Улаанбаатар хотод одоогоор автобусны карт цэнэглэх 500 гаруй цэг ажиллаж байна. Гэвч захын гэр хороололд карт цэнэглэх цэг ховор байдаг нь иргэдэд чирэгдэл учруулах нь бий.

 

Тэгвэл "Улаанбаатар смарт карт" компанийн зүгээс энэ онд карт цэнэглэх гэрээт цэгүүдийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг төлөвлөн хийсэн аж. Тухайбал өмнө нь зөвхөн автобусны буудлын ойролцоо байрлах үйлчилгээний цэгүүдээр карт цэнэглэх үйлчилгээ үзүүлж байсан бол өнөөдрөөс худалдаа үйлчилгээ эрхлэгч дэлгүүр, үзвэр үйлчилгээ компаниуд кассын посын программаараа дамжуулан U money картыг цэнэглэх боломжийг бүрдүүлж  программын хөгжүүлэлт систем холболтын ажлыг дуусгасан бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтийг хийжээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ПОС машин нь бэлэн бус төлбөр тооцооны олон боломжийг нэг дороос авах боломж бүхий карт уншигч бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг автоматаар бүртгэж банкны картаар хөнгөлөлт урамшууллын хөтөлбөрт хамрагдах боломжтойгоороо онцлогтой аж.

 

2020 оны нэгдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан иргэдэд картын үлдэгдлийг буцаан олгох үйлчилгээ нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд уг үйл ажиллагаанд мөрдөж ажиллах "Картын үлдэгдэл буцаан олгох журам"-ын талаар товч мэдээлэл хүргэвэл:

 

- Хэвийн ажиллагаатай картын үлдэгдлийг бүрэн буцаана.

 

- Картын үлдэгдэл буцаах авах хүсэлтийг УБСК Хэрэглэгчийн төв болон НҮНТөвийн Дүнжингарав, Драгон, Мишээл экспо салбаруудад хүлээн авна.

 

- Үйлчилгээний шимтгэл 100 төгрөг бөгөөд шимтгэл хассан дүнг бэлэн мөнгө хэлбэрээр шууд олгоно.

 

- Картын үнийг буцаан олгохгүй бөгөөд буцаалт хийгдсэн карт иргэнд эргэн шилжиж дахин ашиглах боломжтой. 

 

 

Цаашид U Money карт цэнэглэх цэгүүдийн тоог 700 болгох зорилт тавин ажиллаж байгаа аж. Үүний хүрээнд аж ахуй нэгж байгууллагуудтай нээлттэй хамтарч ажиллаж байгаа гэнэ. Хэрэв аж ахуй нэгжүүд карт цэнэглэх гэрээт цэгийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй байгаа бол 70001010 дугаарын утсанд холбогдон хүсэлт гаргаснаар "Улаанбаатар смарт карт" компанийн ажилтан программ суурилуулж хэрхэн цэнэглэлт хийх сургалт орсноор карт цэнэглэх боломж бүрддэг байна. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин