2019: Байгаль орчинд нөлөөлсөн ОНЦЛОХ үйл явдлууд

ОЙН ТҮЙМЭР
Сибирь
Оросын Ой хамгаалах газрын мэдээлснээр 2019 оны зун Сибирийн ойн есөн сая га газар шатжээ. Энэ түймрийн улмаас Красноярск хязгаар, Якут, Буриад болон Эрхүү мужид онц байдлын дэглэм тогтоож байв.
Засгийн газар энэ түймрийг унтраахад зургаан тэрбум гаруй рубль зарцуулж, есдүгээр сарын 30-нд унтрааж дууссан юм.
Түймрийн улмаас экологи, эдийн засаг, хүний эрүүл мэндэд ихээхэн хохирол учирсан. Тэдгээрийг дурдвал, их хэмжээний түймэр дэлхийн дулаарлын явцыг хурдасган, агаар, ус, хөрсний чанарыг бууруулж, ан амьтдыг хөнөөж, ургац алдах нөхцлийг бүрдүүлэхийн дээр зүрх судасны өвчлөлийн эрсдлийг өндөр болгодог байна.
Калифорни
Калифорнийн Сономаас 10 дугаар сарын 22-нд гал түймэр эхэлж, хүчтэй салхины улмаас муж тэр аяараа түймэрт автсан юм. 11 дүгээр сарын эхэн гэхэд Калифорнид 16 түймэр бүртгэгдэж, 81 мянган га ой шатсан байв. Мужийн эрх баригчид 200 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн. Гал түймэр үүсэх шалтгаануудын нэг болсон Pacific Gas & Electric Co эрчим хүчний компани галын нөхцөл байдлыг нэмэгдүүлэхгүйн улмаас цахилгаан дамжуулалтыг хэдэнтээ таслаж, улмаар 10 дугаар сарын 26-нд гурван сая хүн гэрэл цахилгаангүй болж байв.
Сономад гал түймэр гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулалтын шугам дээрх шаталт байж болзошгүй гэсэн таамаглал гарч байв.
Амазони
Энэ онд Бразильд 80 мянга гаруй гал түймэр бүртгэгдсэн нь 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Эдгээрээс 39 мянга нь дэлхийн уушги гэгддэг Амазоний ойд гарчээ. Түймрийн улмаас 950 мянган га газар ой шатаж, дэлхийн хүчилтөрөгчийн 20 хувийг гаргадаг энэ ойг аврахаар олон улсын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж байв.
Австрали
Сидней хот Австралийн баруун хэсэгт гарсан ойн түймрийн утаанд бүрэн автжээ. 12 дугаар сарын сүүл үеийн мэдээллээр гурван сая гаруй га газар шатаж, найман хүн амиа алдан, 800 гаруй байшин барилга шатсан байна. Түүнчлэн энэ байгалийн гамшгийн улмаас уутат баавгай ихээр хохирсон бөгөөд 1000 гаруй уутат баавгай үрэгдэж, энэ амьтны нутаглах орчны 80 орчим хувь нь сүйджээ.
ҮЕР
Эрхүү муж
Энэ зун ОХУ-ын Эрхүү мужийн 96 суурин газар үерт автсан юм. Зургаадугаар сарын 24-27-ны хооронд үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас ийнхүү үер бууж, 42 мянган хүн хохирч, 25 хүн амиа алджээ.
Венец
Сүүлийн 50 жилд тохиогоогүй их үер Венецд болж, усны түвшин 187 сантиметрт хүрчээ. Үерийн улмаас хоёр хүн амиа алдсан бөгөөд хотын гудамжуудын ихэнх хэсэг, Гэгээн Маркийн талбай, сүм, Gritti Palace зочид буудал усанд автсан байна. Үерийн улмаас олон зуун сая еврогийн хохирол учирчээ.
ХУВАНЦАРЫГ ХОРИГЛОВ
Нэг удаагийн хэрэглээний хуванцар эдлэлүүд далай тэнгист хаягдсан нийт хог хаягдлын 70 хувийг эзэлдэг байна. 2019 онд Европарламент 2021 оноос эхлэн нэг удаагийн хэрэглээний хуванцар сав суулга, чихний савх, ундааны соруул үйлдвэрлэх ашиглахыг хориглосон хуулийн төслийг баталсан юм.
Түүнчлэн энэ онд олон оронд хуванцар эдлэлийн төрлүүдийг хориглох хуулиуд батлагдсан. Тухайлбал Гүржд полиэтилен уут, Тайванд коктейлийн соруул, Вануатуд живхийг хориглосон байна. Харин Балид хуванцар соруул, гялгар уут болон стирофомоор хийсэн эдлэлүүдийг хориглосон журам гарчээ.
ТӨРӨЛ ЗҮЙЛ ОЛНООР МӨХӨВ
Оны эхэнд Олон улсын байгаль хамгааллын зөвлөл мөхлийн ирмэгт байгаа амьтны төрөл зүйлийн жагсаалтыг шинэчлэн гаргаж байв. Экологч Лука Сантинигийн боловсруулсан тооцоолох шинэ аргын ачаар өмнө нь дутуу судалагдсан төрөл зүйлүүдийн тухай мэдээлэл авч, одоо байгаа мэдээллүүдийг тодруулах болломжтой болсон байна. Үүний дүнд дахин 600 төрлийн амьтан мөхлийн ирмэг дээр байгаа гэдгийг судлаачид олж тогтоожээ.
Сүүлийн хагас тэрбум жилийн хугацаанд төрөл зүйл олноор мөхсөн зургаа дахь тохиолдол одоо явагдаж байгаа гэж Center for Biological Diversity байгууллага анхааруулсан байна.
Хямралын шалтгаан нь хүний үйл ажиллагаатай холбоотой бөгөөд 2050 он гэхэд өдгөө оршин буй амьтдын 30-50 хувь нь мөхөх аюултай гэж эрдэмтэд анхааруулжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ