Трамп: "Гэртээ ганцаараа-2" кинонд тоглосон нь нэр хүндийн хэрэг байлаа"
2019-12-25

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд трамп Америкийн цэргийн алба хаагчдад Зул сарын мэндчилгээ хүргэх үеэрээ "Гэртээ ганцаараа-2: Нью-Йоркод ганцаараа" кинонд оролцон тоглосноо дурсчээ. 

 

Тэрбээр Флорида дахь байрнаасаа дүрст дуудлага хийн цэргийн алба хаагчидтай харилцсан талаар Ройтерс мэдээлсэн байна. 

 

Ийнхүү ярилцах үеэрээ тэрбээр 1992 онд дээрх кинонд оролцон тоглосон талаар хүмүүс их ярьдаг, ялангуяа зул сарын баярын өдрүүдэд дурсдаг хэмээн өгүүлжээ.

 

"Ялангуяа бяцхан хүүхдүүд "Би таныг кинон дээр харсан" гэж хэлдэг. Энэ бол их сайн кино, зөөлнөөр хэлэхэд би тэр үед арай залуу ч байж дээ" хэмээн Трамп өгүүлсэн байна.

 

Кинон дээр алдартай тэрбумтан зочид буудалд төөрсөн гол дүрийн баатар хүүд гарц зааж өгдөг богинохон хэсэгт тоглосон нь "нэр хүндийн хэрэг байсан" хэмээн Трамп нэмж өгүүлжээ.

 

 

 

Дашрамд дуулгахад, 1992 онд бүтээгдсэн "Гэртээ ганцаараа-2: Нью-Йоркод ганцаараа" кино нь "Гэртээ ганцаараа" киноны үргэлжлэл бөгөөд кино урлагийн сонгодог бүтээл болсон гэж шүүмжлэгчид үздэг. Энэ киног жил бүр шинэ жилийн болон зул сарын баярын үеэр олон орны төв телевизүүдээр үзүүлдэг уламжлал өнөө хэр тасраагүй байна. 

 

"Гэртээ ганцаараа-2" кино 1992 онд хамгийн их ашиг орлого олсон кинонуудын хоёрдугаарт жагссан бөгөөд 20 сая долларын төсвөөр бүтэж, АНУ-д 137 сая ам.доллар, дэлхий даяар 359 сая ам.долларын орлого олжээ.

 

Кинон дээр гарах "Плаза" зочид буудал АНУ-ын тэрбумтан Дональд Трампын эзэмшилд байсан, тиймдээ ч энэ кинонд ирээдүйн ерөнхийлөгч туслах дүр бүтээсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сайхан дүр бүтээжээ Дональд Трамп настай хүмүүсд сайхан үлгэр жишээ болсон хүн гэж боддог
2019-12-25