Оны онцлох ЖАГСААЛ
2019-12-25

 

Улиран одож буй 2019 онд Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд өрнөсөн ОНЦЛОХ жагсаал, цуглааныг гэрэл зургаар тоймлон хүргэж байна. Энэ онд улстөрчдийн, эх орончдын, эгэл ардын эсэргүүцэл илэрхийлсэн жагсаал их жанжны нэрэмжит талбайд өрнөжээ.

 

  1. МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний жагсаал

 

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний эсэргүүцлийн жагсаал” 2019 оны нэгдүгээр сард Сүхбаатарын талбайд өрнөсөн. Энэ жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын нэр бүхий таван гишүүн УИХ-ын даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг хүргүүлж байв. Жагсагчид Төрийн ордныг тойрч гороолж байгаа учир цагдаагийнхан зүүн, баруун хаалгыг хамгаалалтад авсан байлаа.

 

 Жагсаалд оролцогчид Сүхбаатарын талбайд гэр барьж, жагсаал зохион байгуулагчдын нэг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Бид 40-50 гэр бариад хугацаагүй суулт хийнэ. УИХ-ын дарга огцрохгүй бол бид өлсгөлөн зарлана" хэмээн мэдэгдэж байв.

 

Энэхүү жагсаал УИХ-ын дарга М.Энхболдыг суудлаас нь огцруулснаар өндөрлөсөн юм.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

 

 

 

  1. “Эх орон чинь дуудаж байна” үндэсний фронт

 

Монголын үндэсний фронт хөдөлгөөнөөс өнгөрөгч арваннэгдүгэр сард "Эх орон дуудаж байна" жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Уг жагсаалын гол зорилго нь чадамжгүй болсон, хууль зөрчсөн УИХ-ыг тарахыг шаардсан. Гэхдээ жагсагчид газрын наймаа, оффшор, хүчирхийлэл, авлига зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг лоозогносон байв.

 

Тагнуулын ерөнхий газраас Монголын үндэсний фронт хөдөлгөөнийхөнд шаардлага хүргүүлсэн. Тус шаардлагад үндэсний фронтынхныг жагсаал цуглаан хийх үеэрээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, төрийн өндөр албан тушаалтны амь бие халдах хууль бус гэмт хэргийн шинжтэй яриа гаргаж, бусдыг өдөөн турхирсан хэмээн буруутгав.Тиймээс цаашид иргэдийг хүчирхийлэлд уриалсан үг үйлдэл гаргаж, эмх замбараагүй байдалд үүсгэхгүй байхыг фронтынхонд анхааруулж байлаа.

 

Энэхүү жагсаалд эх орны дуудлагаар ирсэн олон мянган хүн оролцов.

 

 

 

 

 

 

 

  1. Ардыг чилээсэн албан татварын нэмэгдлээ зогсоо

 

НИТХ-ын автомашины албан татварыг таван хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийг автомашин эзэмшигчид эрс эсэргүүцэж /2019.12.09/ Сүхбаатарын талбайг тойрон автомашинтай жагсаал зохион байгуулсан. Жагсаалд 33 тээврийн хэрэгсэл, постер, баннер байрлуулсан, 5-10 машин дагаж яваа бөгөөд нийт 40 гаруй тээврийн хэрэгсэл жагсаалд оролцов.

 

Тэд "Ардыг чилээсэн албан татварууд", "Төсвийн алдагдлыг түмэнд бүү үүрүүл", "Татваруудын нэмэгдлийг зогсоо" зэрэг уриа лоозон барьсан байлаа.

 

Энэхүү жагсаалын үр дүнд албаныхан шийдвэрээ эргэж харан автомашины албан татварыг нэмэгдүүлэх шийдвэрээ хүчингүй болгосон юм.

 

 

 

 

 

 

 

  1. Хамгийн цөөн хүнтэй ч хамгийн хүчтэй жагсаал 

 

Төв талбайд өрнөсөн жагсаал, цуглаан түмэн олны хүчээр өрнөсөн бол ганцаархнаа жагсаал хийсэн бүсгүй бол Болороо. Улсын баяраар монголчууд дэнж хотойтол сайхан наадсан. Амьдрал олон өнгө сүлэлдсэн өдөр хоногуудад тэрхүү их баяр баяслын зэрэгцээ гуниг, харуусал, өвчин, зовлонд шаналсан өөр нэгэн ч байсан. Тэдний нэг нь Б.Болороо. Цахим орчинд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж төрд дуу хоолойгоо хүргэсэн түүнийг танихгүй, мэдэхгүй хүн цөөн. Харамсалтай нь түүнд  мартахын аргагүй зовлон тохиолдож тэрбээр ханиа алдсан.

 

Цахилгаан шатны хонгилд унаж амь насаа алдсан нөхрийнхөө хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхээр Болороо бүсгүй Сүхбаатарын талбайд суулт хийсэн. Тэрбээр “Хэзээ нас барсныг нь тогтоож чадаагүй хэр нь архины хувийг нь яаж тэгж өндөр тогтоов” гэх зэрэг лоозон барьсан байв.

 

Түүний сэтгэлийн хүч, ханиа гэсэн их хайрыг НҮБ-ээс үнэлж шагнал хүртээсэн билээ.

 

 

 

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин