АВТОБУС №20: “Сумъяабазарын шинэ жилд очихгүй”
2019-12-26

Энэ өдрийн мэнд. Амьдралын нэгэн хэвийн цутгасан мэт ажин түжин байдлыг удахгүй ирэх шинэ он шинэ жилийн дулаахан сураг л чимж байх шиг. Автобусанд ч ямар даашинз өмсөх яаж гоёлоо худалдаж авах тухай нөхөртөө хошуу дэвсэх эхнэрийн үг, хариуд нь нөхрийнх нь “Дээлээ өмсчих” гэх хайнгадуухан зөвлөгөө. Байгууллагын шинэ жилдээ зориулж байдгаараа гоёсон залуусын “таксиддаг л байж” гэх халаглал ч сонсогдоно лээ. Нээрэн таксидахгүй. Шинэ жилээ зорьж яваа хоёр залуу автобусанд хэтэрхий гангадсан шүү хэхэ. Ингээд энэ удаа амьдралын элдэв өнгө эрээвэр хураавар тэмдэглэл буулгаснаа хүргэе. Таалан болгооно уу.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Орой 19.00 цагийн үед “Мөнгөн завъяа”-ийн автобусны буудал дээр манайхан ярайж байна аа. Төв замын автобуснууд сураг алга. Харин “Цэцэг төв”-өөс нааш эргэх чиглэлийн автобуснууд ирсээр 3,4 дүгээр хорооллынхон суусаар, явсаар.  25 дугаар эмийн сан, 10, 1, 21, Москва хороолол, Улаанчулуут, Толгойт зүгийн хүмүүс л үлдэх шиг болов.

 

“Улаанхуаран-3,4 дүгээр хороолол” гэсэн бичигтэй автобус ирж зогсоод буух хаалга онгойх даруйд нэг өвөө бүлт үсэрч байна. Тэр даруй хаалга хаагдчихав. Тэгтэл өвөө яаран сандран суух хаалга руу гүйж очоод “Хүүш ээ, хөгшнийгөө авъя аа. Хүн бууж дуусаагүй байхад хаалгаа хаачихлаа” гэж жолоочид хандан тун сандарсан байртай хэлвэл бусдын ч “Хүнээ буулгаачээ” гэх үгс хүч түрснээр буух хаалга онгойв. Өвөө яаравчлан хойд хаалган дээр очоод хөгшнийгээ түшин буулгавал хар шубатай эгч харин тун тайвнаар

 

- Юун сүртэй орилж хашхирдаг юм бэ дээ чи

 

- Тэгэлгүй яах юм бэ. Юу юугүй хөдөлчихвөл би чиний араас яаж гүйцэж очих юм болж байна

 

- За сүртэй шт. Буулгаж л таарна. Хүн амьтнаас ичээч хммм хэмээн хөгшин нь сэлбэлзэн урд нь гараад алхвал өвөө араас нь “Халтираваа, алив сугд” хэмээсээр залуу хүн шиг гүйж очоод тэр хоёр 40 мянгатын тийш сугалдцсаар алхсан.

 

Төв замынхан автобусаа хүлээсээр л. Гурав дөрөвдүгээр анги болов уу гэмээр жаахан охин ээжтэйгээ элдвийг хуучилна.

 

Охин: Автобус яачихав аа ээжээ, хөлдөх нь ээ

 

Ээж: Харин ээ, одоо ирж байгаа байх аа.

 

Охин: Мөнгөтэй бол таксидахгүй юу тэ ээж. Охин энэ мэтээр өгүүлбэр бүрийнхээ араас “тэ ээж” хэмээн лавлах ч бүсгүй хариу хэлэхгүй автобусаа хараална. Ашгүй “ХМК-ОФицеруудын ордон” чиглэлийн автобус ирлээ. Охин олны дундуур чихцэлдэн дайрсаар жижигхэн юм болохоор хэдий нь гүйж орчихоод “Ээжээ үлдчихэв ээ, зүтгээд байгаарай” хэмээн даллаж харагдана. Бүсгүй ч зүтгэсээр зүүгдсээр охин ээжийгээ зулгаасаар багтах нь ч багтлаа.

 

Ээж, охин хоёр хойно хоцорч би олонд түлхэгдсээр хойшилсоор өөр нэг ээж, хүү хоёрын хажууд ирж зогслоо. Энэ ээж тун бухимдалтай явна.

 

Ээж: Өдөр юу идсэн чи

 

Хүү: Юу ч идээгүй

 

Ээж: Хөргөгчинд боорцог бэлэн юм байхад аваад идэхгүй яасан юм. Бэлэн байгаа юм идэж чадахгүй бол хохино чи. Маргааш хичээлдээ явахаасаа өмнө ус аваарай чи мэдэв үү. Би орой ирж куртикыг чинь угаана.

 

Ээжийнхээ ууртай яриаг дуулгавартай сонсож зогссон хүүд “ус аваарай” гэх үг хүнд санагдсан уу хамаг арьсаа хамар дээрээ овоолж ирээд ярвайж харагдана. Ээж нь энэ байдалд нь “Битгий давраад байгаарай чи. Чи авахгүй өөр хэн авах юм” хэмээн ширүүлнэ.

 

Автобус доторх “төв зам”-аас гарч сандлын бариулаас бариад авлаа. Оргил цагаар сандалны бариул олоод авбал ёндоорч байна л гэсэн үг. Зэрэгцээ хоёр сандал дээр тухалсан хоёр настай эгч хөөрөлдөнө.

 

- Хорооны шинэ жилд орсон. Надад урилга өгөөд

 

- Хэзээ болоо вэ. Тэгээд хэнд нь өгөөд хэнд нь урилга өгдөггүй байна. Аан нөгөө 12.00 цагт болсон шинэ жил үү?

 

- Тийн тийн. Яагаав нөгөө Сумъяабазарын

 

- Аан тэрэнд чинь би очихгүй ээ. Би чинь Цолмонгийнх болохоор болохгүй шт. Тэмүүжин ирээ юу?

 

- Ирсэн

 

Хөгшчүүд хорооны шинэ жилд хуваагдаж ордог бололтой. Сумъяабазарынх, Цолмонгийнх гэж. Аргагүй дээ энэ насны эгч нар намдаа хайртай бас үнэнч байхыг яана. МАН-ынх АН-ыхад оччихвол нөхрөө хуурсантай адил санагддаг тухай манай нэг намчин эгч хэлж байсан.

 

Хоёр эгчийн ярианаас санаа авсан уу хажууд зогсож явсан залуу хосын эрэгтэй нь

 

- Миний хайр нээрээ плажаа яах юм. Плаж авах төсөв байхгүй юм чинь нөгөө гоё дээлээ өмсчихөөч

 

- Ямар? Одко ахын найрнаар өмссөн уу?

 

- Тийн, тэр цагаан чинь гоё шт. Бас нөгөө нэг гоё дээл чинь байгаа биз дээ.

 

- За яршиг аа. Би тэгээд шинэ жил дээр дээл өмсөөд зогсож байх уу. Битгий тэнэгтээд бай.

 

Гэр бүлийн төсвөө хэмнээд эхнэрээ дээлээр нь гоёчих гэсэн залуугийн оролдлого амжилт олсонгүй. Яахав Одко ахынхаа найранд өмссөн цагаан дээлээ хөөрхөн хэв маяг гаргаж өмсөөд шинэ жилд орчиход үндэсний хувцасаараа гоёсон түүнийг тун ч шохоорхох байсан юм билүү. Нөхөр бид хоёр нэг бодолтой явсан шүү.

 

Нэлээд жинтэй эгч араас хүч түрэн орж ирээд “Цаашаа яваад өг л дөө. Гүй ээ энэ одооны хүүхдүүд автобусанд чихэж мэдэхгүй. Өөрөө орлоо л бол мод шиг зогсчих юм. Бид нар бол багаасаа чихүүлээд сурчихсан” гэж автобус дүүрэн хүн дунд яг оносон эзэнгүй яриа өрнүүлснээ өөрийнхөө ярианд хүч нэмэх мэт инээд алдав.

 

Төв зам түгжрэл ихтэй. 25 дугаар эмийн сан өнгөрөөд л нам гацчихлаа. Автобусны жолооч гар утсаараа өөр нэг жолоочтой ярьж сүрхий зөвлөнө.

 

- Төв зам чинь таг түгжрэлтэй байна гээд диспичертээ залгаад хэлээч. Би хойгуураа явлаа шүү. Ингээд явчихаар тэгээд дараа нь хэл ам гараад байдаг шүү гээд хэл. Тасганы овоо тагларчихсан байна лээ. Тэрний оронд Ялалтаараа өгсөөд....гэснээ хэсэг бодолхийлснээ..Ямар Дэнжийн мянгаар өгсөлтэй биш тэ” хэмээн түүнийг утсаар ярих хооронд түрүүчийн буудлаас суусан нэг ах “Дүү буучихья, утсаа мартчихаж” гэснээ буухдаа төхөөрөмжийн ард түмний мөнгөө хавчуулдаг савнаас 500 төгрөгөө аваад буучихаж байна. Жолооч үүнийг тоосон шинжгүй утсаар ярингаа түгжрэл дунд түүнийг буулгав.

 

Дараагийн зогсоол 10 дугаар хороолол. Зам дээр түгжирсэн автобусан дотор ч таг түгжрэл үүсээд наашаа ч үгүй цаашаа ч үгүй болчихлоо. Урд хаалга, ард хаалга ч пиг. Тэр дунд хойшоо нэг урагшаа нэг зүтгэж үзээд амжилт олоогүй залуу эмэгтэй бүр нэг цөхөрсөн хоолойгоор “Би бууя аа” хэмээн яг голоос орилов. Дахиад “Намайг буулгаад өгөөч ээ” хэмээн арга тасарсан байдалтай тусламж хүсч байна.

 

Дээр дурдсан автобусанд чихэлдэж сурсан эгч тэндээс “Болгоомжтой байгаарай. Наадуул чинь ингэж чихэж байгаад л хусдаг шүү” гэж чанга дуугаар түүнд зөвлөгөө өгөхөд автобус дүүрэн хүмүүс нирхийтэл инээлдэв. Хаа нэг ингэж хэн нэгний санаандгүй шооч үг сонсож бөөндөө пирхийтэл инээлдэхээр сайхаан сайхан. Цаанаасаа бусдын бодол зөөлрөх шиг болж боломжоорой хойш урагш болсоор бүсгүйг ч буулгав.

 

Дандаа л урвайж, уурлаж бухимдал тээж явна гэж юу байхав. Энэ мэт инээдтэй зүйлс автобусанд өрнөж эрхгүй бүгдийг нь инээлгэж орхидог л юм. Охины хэлснээр мөнгөтэй бол таксидах хүсэл тээсэн түмэн олон хөлдөөх шахам хүйтэн автобусандаа инээд цалгиаж явах нь тун ховор ч “Сүүний үүнээр шийнгээсээн” хэмээн хэн нэгэн согтуу дуу эхлэхэд, халаасыг нь тэмтэрсэн хулгайчид “Хөгшөөн наанаас чинь юм гарвал хуваагаад авчих уу” гэх эрийн хошин үг ч өнөө хөлдүү автобусыг маань халуу дүүгтэл инээдээр дүүргэдэг юм.

 

Хүнд хэцүү байсан ч хөгжилтэй, инээд хөөртэй явахыг хичээгээрэй. Тэгж байж бид энэ хүйтэн өвлийг илч дулаантай давах юм шүү. Энэ удаагийн тэмдэглэлээ ийнхүү өндөрлөж байна. Дараа жирийн олны үг, жавартай өвлийн жаргал зовлонгоос хуваалцана аа. Баяртай.

 

НИЙТЛЭЛЧ: ТҮМНИЙ НЭГ

Shuud.mn
Сонин хачин
ud:
bayarlalaa.edgeer niitleluud shig iim saihniig er unshij baisangui.boditoi saihan yum aa
2020-02-09
зочин:
Донжтоймаа.Хараал хэлж байсанд орвол инээлгэж байвал сэтгэл сэргэх юм баярлалаа.
2020-02-08
Bat:
Hoorhii doo minii ard tumen.saihan setgel itgel duuren,egelhen ard tumniig mini zov zalaad yavah aaviin huu alga uu. Saihan bayarlaarai bugdeerei
2019-12-28
Bi 1 udaa mashinaa orhiod avtobusaar ajildaa yvay geed mashingui garsan.ugluu ch yahav avtobusand suugaad yvsan.harin oroin ni gertee harih geed avtobus huleetel barag tsag huleegeed avtobus ireegui.hulduj uheh shahsan.ternees hoish avtobusaar yvahaa bolison.oroi bol avtobus ni oldohgui yum bna lee.
2019-12-27
irgen:
ineedtei orovdoltei….mongold niitiin teever hogjihch mon hol baina daa hoorhii
2019-12-26
Bi 1 udaa mashinaa orhiod avtobusaar ajildaa yvay geed mashingui garsan.ugluu ch yahav avtobusand suugaad yvsan.harin oroin ni gertee harih geed avtobus huleetel barag tsag huleegeed avtobus ireegui.hulduj uheh shahsan.ternees hoish avtobusaar yvahaa bolison.oroi bol avtobus ni oldohgui yum bna lee.