"Тэс петролиум” ХХК-ийн автомашины тээвэрлэж явсан тонн гаруй шатахуун асгарчээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12.34 цагт Баянгол дүүргийн 7-р хороо, ГССҮТ-ийн урд уулзварт их хэмжээний бензин асгарсан тул аюулгүй байдлыг хангаж өгнө үү гэсэн дуудлага ирсэн.
Дуудлагын дагуу НОБГ-ын Аврах анги-105, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 20 гаруй алба хаагч асгарсан бензинийг саармагжуулах арга хэмжээг авч ажиллаж байна.
Тухайн газарт “Тэс петролиум” ХХК-ийн шатахуун тээвэрлэж явсан 6 тн-ын автомашин өгсүүр газар руу өгсөж яваад буцаж алдаж, арын чиргүүлээ мөргөж цөмлөснөөс 1 тн гаруй шатахуун асгараад байгаа юм.
Түүнчлэн аврагчид элс, давсаар асгарсан бензинийг саармагжуулахын зэрэгцээ чиргүүлийн цистернд үлдсэн шатахууныг өөр машинд юүлэх ажлыг гүйцэтгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ