С.Чинзориг: Малчдыг НДШ-ээ нөхөн төлөх бололцоог бүрдүүлж байна
2019-12-31

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн халамжийн чиглэлээр хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийсэн юм. 

 

-Нийгмийн даатгалын болон Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөхөөр боллоо.  Малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулж, 9 орчим мянган малчид НДС-гаас тэтгэвэр авах ёстой. Гэхдээ малчдад өөртөө тэтгэвэрт гарах боломж нь бага байна гэж үзсэн. Тийм учраас НДШ-ийг нөхөн төлүүлэх боломж олгож байна. 

 

Нэг сард төлөх шимтгэлийн  хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420 мянган төгрөгийн 10 хувь буюу сард 42 мянган төгрөг байхаар тогтоолоо. Шимтгэлээ хэдэн жилээр нөхөн төлөх нь тухайн иргэний сонголт байх юм. 1995-2019 онд шимтгэл төлж чадаагүй иргэд 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор үндсэн болон түр оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах ёстой. Нийгмийн даатгалын байгууллага шимтгэл нөхөн төлөхтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг иргэдэд тухай бүр нь өгөх юм. 88 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн шимтгэлээ нөхөн төлнө гэсэн судалгаа гарсан байна. Бидний тооцоолсноор 133,1 тэрбум төгрөг НДС-д төвлөрлөнө гэж үзэж байгаа. 

 

Мөн Олон хүүхэд төрүүлсэн болон ажилласан жилийн болзол хангасан нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмлээ. Тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр шийдвэрлэв. 1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон 44 мянган иргэний 21.2 мянга нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байна. Эдгээрийн 14.4 мянга буюу 68 хувь нь олон хүүхэд төрүүлсэн нөхцөлөөр, 3.8 мянга буюу 18 хувь нь ажилласан жилийн болзол хангасан үндэслэлээр эрт тэтгэвэр тогтоолгосон юм. Ажилласан жил цөөн, тэтгэврийн хэмжээ нь бага байгааг харгалзан дээрх 21.2 мянган иргэний тэтгэврийг нэмлээ.

 

Засгийн газраас ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс төрийн албан хаагчдын цалинг 8 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Үүнд 192 мянган төрийн албан хаагчид хамрагдах байгаа юм байна. Төрин албан хаагчдын цалингийн нэмэгдэлд 150 тэрбум төгрөгийг улсын төсвөөс зарцуулахаар болсон байна. Одоогийн байдлаар төрийн албан хаагчдын дундаж цалин 922 мянган төгрөгт хүрсэн байна. Харин ирэх онд төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид амралтын болоод баярын өдрүүдээр ажилласан бол илүү цагийн цалин олгох аж. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчид ажилласан жилээсээ хамаараад 5-15 хувийн нэмэгдэл авах гэнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Monh M:
Чинзориг сайд аа ахмадуудын тэтгэвэрийн мөнгийг хэзээ нэмэх юэ. Ер нь огт хөндөгдөөгүй шүү дээ. эмч багш нар ажил хаяна энэ тэр гээд үе үе нэмүүлж байсан. Харин тэтгэвэр огт нэмэгдээгүй. Та бүхэн 8 хувь нэмнэ гэж нэг хальт яриад өнгөрсөн.
2019-12-31
Monh M:
Чинзориг сайд аа ахмадуудын тэтгэвэрийн мөнгийг хэзээ нэмэх юэ. Ер нь огт хөндөгдөөгүй шүү дээ. эмч багш нар ажил хаяна энэ тэр гээд үе үе нэмүүлж байсан. Харин тэтгэвэр огт нэмэгдээгүй. Та бүхэн 8 хувь нэмнэ гэж нэг хальт яриад өнгөрсөн.
2019-12-31