Трамп: Сулеймани эх орноо аюултай зам руу хөтөлсөн
2020-01-06

 

Ираны "Аль-Кудс" тусгай хүчний /Ираны зэвсэгт хүчний элит анги/ командлагч Касем Сулейманыг хөнөөсөнтэй холбоотой тагнуулын мэдээллийг нийтэд дэлгэх боломжийг авч үзнэ хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп  мэдэгдснийг Цагаан ордны хэвлэлийн алба мэдээллээ.

 

Тагнуулын мэдээллийг дэлгэх боломжтой эсэх талаар асуухад тэрбээр "Бид үүнийг авч хэлэлцэх боломжтой" хэмээн Трамп мэдэгдсэн байна.

 

Түүнчлэн Сулеймани эх орноо "маш муу, аюултай зам руу хөтөлсөн" хэмээн Трамп мэдэгджээ.

 

Энд дуулгахад, баасан гаригт АНУ-ын Ерөнхийлөгчийн тушаалаар Багдадын нисэх буудал орчимд авто цуваанд пуужингийн цохилт өгсөн талаар Пентагон мэдээлж байв. Энэ цохилтын улмаас Ираны тусгай хүчний командлагч Сулеймани амиа алдсан юм. Ийнхүү цохилт өгсөн нь Ойрхи Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчдыг хамгаалах зорилготой батлан хамгаалахын ажиллагаа байсан гэж Америкийн захиргаа тайлбарласан юм.

 

Энэ үйл явдлын дараа Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл шуурхай хуралдан, улмаар Сулейманийг хөнөөсний төлөө өшөө авна гэж мэдэгдэж байлаа.

 

Түүнчлэн "энэхүү гэмт хэргийн үр дагаврын бүхий л хариуцлагыг Америк хүлээнэ" хэмээн онцолж байв. Мөн Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттерриштэй утсаар ярих үеэрээ Сулейманийг хөнөөсөн нь АНУ-ын зүгээс ирсэн терроризм хэмээн нэрлэсэн юм. 

 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин