Угаарын хийд хордсон нэг иргэн хэвтэн эмчлүүлж байна
2020-01-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийд хордсон гэх найман дуудлага ирсэн байна.  Дуудлага өгсөн иргэдэд гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж өгч ажилласан бол нэг иргэн хэвтэн эмчлүүлж байгаа аж.

 

НОБГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Иргэд сайжруулсан түлшийг хэрэглээд сурчихсан байна. Харин иргэдийн зүгээс түлш цэгт ирээд өдөртөө дуусдаг, захиалсан түлш хугацаандаа ирдэггүй. Зарим цэгүүдэд хангалтыг жигдрүүлэх шаардлагатай байгааг хэлж байна. Онцгой комисс үүнд анхаарч ажиллаж байгаа. Угаарын хийд хордсон гэх дуудлага харьцангуй багассан" гэлээ. 

 

Монгол Улсын Засгийн газраас түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг 2018 онд батлан гаргасан. Уг тогтоолоор Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон билээ.

 

Уг шийдвэрийн хэрэгжилтэд Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газрын алба хаагчид шалган нэвтрүүлэх 7 товчоонд 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа.

 

Алба хаагчдын шалгалтаар өнгөрөгч амралтын өдрүүдэд  зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс тээвэрлэсэн зөрчил дутагдал илрээгүй байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин