Б.Тэмүүлэн: Монголбанкнаас лиценз өглөө л бол М банк үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон
2020-01-07

 

 

“М” төслийн санаачлагч, Судалгаа, хөгжүүлэлтийн багийн ахлагч Б.Тэмүүлэнтэй ярилцлаа.

 

-М-Си-Эс групп М гээд дижитал банк байгуулах тухай мэдээлэл хоёр жилийн өмнөөс цацагдсан. Цахим банк байгуулах шийдвэр гаргасан шалтгаанаас ярилцлагаа эхэлье?

 

-Дэлхийн хандлагыг анзаарахад технологийн хөгжил бүх салбарт нэвтэрсэн. Үүнтэй холбоотойгоор санхүү, технологийн хослол буюу финтек гэх ойлголт хөгжиж байна. Улс орон бүр том банктай. Гэсэн ч алслагдмал амьдардаг, эсвэл банкны үйлчилгээ авах боломжгүй зэрэг олон шалтгаанаар том банкуудын хүрч чаддаггүй хэсэг байсаар байна. Тэр хэсэгт хандсан жижиг финтек стартап-ууд дэлхийд олноор бий болж байна.

 

Энэ хоёр хамтарч ажилласнаар салбарын үйлчилгээг сайжруулдаг давлагаа бий болоод байгаа. Хоёр дахь том шалтгаан нь 2008 оны санхүүгийн хямралаас эхлэлтэй. Дэлхийг хамарсан тэр хямралын дараа маш олон том банк уналтад орсон. Олон улсын санхүүгийн зах зээлийнхэн эрсдэл нэг газраа төвлөрч болдоггүйг ойлгосон цаг үе л дээ. Тодруулж хэлбэл, эрсдлийг тараан байршуулах нь зөв юм байна гэсэн том ойлголт гарч ирсэн. Жишээ нь, Европт банкны эрсдэлийг тараах зорилгоор өмнө нь өгдөггүй байсан банкны лицензүүдийг өгч эхэлсэн. Мөн харилцагчдад финтек болон банкны үйлчилгээг авахад нээлттэй болгосны үр дүнд Европт дижитал банкууд шил даран байгуулагдсаар байна. N26, Monzo гэх мэт банкийг хэрэглэгчид аль хэдийнэ мэддэг болчихсон. Дижитал банкны төсөл хэрэгжүүлэх болсон нь энэ мэт олон шалтгаантай.

 

-Та түрүүнд том банкуудын хүрч чадахгүй хэсэг дэлхийн улс орнуудад бий гэж хэлсэн. Манай улс одоохондоо цахим банкгүй. Тэгэхээр уламжлалт банкуудын үйлчилгээг авч чаддаггүй хэсэг манайд бий гэсэн үг үү?

 

-Манайд банкны үйлчилгээ авч чадахгүй яваа хэсэг бий. Нийгмийн даатгал төлдөг, эдийн засгийн идэвхтэй хүн ам нэг сая 400 мянга орчим бий. Эднээс идэвхтэйгээр банкны харилцаанд орж чаддаг нь 800 мянгаар тоологдож байна. Тэгэхээр цаана нь 600 мянга орчим хүн уламжлалт банкуудаар үйлчлүүлж чадахгүй яваа гэсэн үг. Үнэлгээнд нь хүрдэггүй, боломж бололцоо нь хумигдмал зэрэг олон шалтгаан бий. Тэд банк бус санхүүгийн байгууллага гэх мэт өндөр хүүтэй зээл өгдөг газруудаар үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрдэг. Бид банкны үйлчилгээ авч чадахгүй байгаа тэр хэсэгт хүрч ажиллахыг зорьж байгаа. Өөрөөр хэлбэл, байгууллагад зээл өгдөг банкуудын бизнес рүү орохгүй гэсэн үг.

 

-Дижитал банкны үйлчлүүлэгч байхын тулд ухаалаг утастай байхад л болох нь ээ?

 

-Тэгнэ. Банкаар үйлчлүүлэхийн тулд заавал салбарыг нь зорьж очих ёстой, зээл авахыг хүсвэл зээлийн эдийн засагчтай уулздаг гэсэн ерөнхий ойлголт бидэнд бий. Баруунд энэ ойлголт өөрчлөгдөөд эхэлчихсэн. Банкууд салбаргүй болж байна. Технологийн дэвшил дээр суурилан ажиллаад эхлэнгүүт үйлчилгээ нь сайжраад хүртээмж нь нэмэгдээд эхэлж байна.

 

-Танай компанийн М банк байгуулах төсөлд солонгосууд хөрөнгө оруулж хамтарч яваа гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ мэдээлэл хэр ортой вэ?

 

-Юуны өмнө ташаа мэдээлэл гэдгийг хэлье. Ийм мэдээлэл цацагдах болсон шалтгааныг тайлбарлах нь зүйтэй байх. М банк байгуулах боломжтой, эсэхийг судалж байх үедээ Өмнөд Солонгосын “Korea telecom” (KT) компанитай холбоо тогтоосон юм. Тухайн үед “КТ”групп салбаргүй, зөвхөн гар утсан дээр суурилсан цахим банкны зөвшөөрөл авсан, удахгүй үйл ажиллагаагаа эхэлнэ гэсэн мэдээлэл Азид тархаж байсан.Ингээд бид цахим шуудангаар туршлага судлах хүсэлт явуулсан юм. Тэд ч бидний хүсэлтийг найрсгаар хүлээн авч урьсан. Ийм түүхтэйгээр “КТ” компанитай ТЭЗҮ-ээ хамтарч хийсэн юм. Үүнийг л хүмүүс андуурч ойлгоод яваа байх. ТЭЗҮ-ээ дөрвөн сар орчим хугацаанд хийгээд дижитал банк байгуулах боломжтой гэсэн дүгнэлт гарч, группийн удирдлагууд дэмжсэнээр манай төсөл хэрэгжиж эхэлсэн.

 

-Дижитал банкны зээл олголт хурдан байж таарах байх. Ер нь хэр хугацааны дотор зээл олгох боломжтой вэ. Салбаргүй, зээлийн эдийн засагчгүй цахим банк зээлдэгчдийнхээ эрсдлийг яаж үнэлэх бол гэсэн асуултын хариуг олон хүн сонирхож суугаа байх?

 

-Зээл гэдэг бүтээгдэхүүн хүмүүст хурдан шуурхай хүрэх ёстой. Дижитал банкны тухайд хүн суурьтай аливаа процесс, чирэгдэлтэй асуудлуудыг богиносгож, бүгдийг технологиор шийддэгээрээ уламжлалт банкнаас онцлогтой. Манайд хандсан иргэд ойролцоогоор 5-10 минутын дотор зээлээ авах боломжтой. Дахин онцлоход Зээлийн хороо гэх мэт хүний оролцоотой процесс байхгүй. Тухайн хүний эрсдэлийг үнэлдэг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн кредит скоринг систем гэж бий. Тэр дагуу харилцагчдынхаа эрсдлийг үнэлнэ гэсэн үг. Математикт суурилсан алгоритм, өгөгдлийн сан бүрдүүлээд явах юм. Товчхондоо зээлийн эрсдлийн тухайд бүх зүйлийг алгоритмээр, технологиор шийдээд явна.

 

-Манай улсын иргэд, тодруулж хэлбэл уламжлалт банкаар үйлчлүүлээд дадсан хүмүүсийн хувьд дижитал банк гэхээр шууд буухгүй байж магадгүй. Төв оффис гэж ажиллах уу? Зээлийн өргөдөл, бүрдүүлэх материал гээд бүх процесс цахим орчинд өрнөж таарах нь ээ?

 

-Зээл, харилцах хадгаламж, төлбөр тооцоо гэсэн банкны үндсэн гурван үйлчилгээ бий. Бусад үйлчилгээ нь энэ гурвыг тойрдог. Банкныхаа бүх үйлчилгээг ухаалаг утсаар, интернэтээр хийх нь бидний гол зорилго. Манай төв оффис “Central tower”-ын нэг давхарт ажиллана. Бид үүнийгээ хэрэглэгчийн төв гэж нэрлэж байгаа. Дижитал банк гэж яг юуг хэлээд байна вэ гэх мэт асуулттай хүмүүс ирж мэдээлэл авах юм.

 

-Орон нутгийнхан, тухайлбал малчид мэдээллээс хол, таны сая хэлсэн шиг ухаалаг утасгүй, датагүй гэх мэт асуудал ихтэй. Тэдэнд яаж хүрэх вэ?

 

-Бид эхний ээлжинд Улаанбаатар хотод ажиллана. Дараа нь хөдөө орон нутаг руу хандана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Борлуулалтын цэгүүдийг ашиглах боломжтой, эсэхийг судалж байгаа.

 

-Жишээ нь би зээл хүслээ гэхэд танай банкны аппликэйшнийг татаж аваад л болох нь, тийм үү?

 

-Тэгнэ. Гар утас, интернэттэй байгаа нөхцөлд хялбархан бүртгүүлээд зээл авах боломжтой.

 

-Танайх зээл хүсч буй хувь хүнээс юу шаардах вэ?

 

-Олон төрлийн бичиг баримт бүрдүүлэх, барьцаа тавих шаардлагагүй. Өөрийн санхүүгийн мэдээллийг оруулж зээл авах боломжтой, эсэхээ хурдан хугацаанд шалгуулна. Хэрвээ чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлгүй бол, мөн зээлээ эргэж төлөх боломжтой байвал зээлжих эрх үүсэх юм.

 

-Цалингийн, хэрэглээний гэх мэтээр зээлийн олон төрөл бий. Зээлийн төрлийн хувьд ямар бүтээгдэхүүнүүд санал болгох вэ?

 

-Зээл олон төрөл байх хэрээр шимтгэл, хүү гэх мэт өчнөөн төлбөр хураамжийн асуудал яригддаг. Бид энэ бүхнийг ойлгомжтой, хялбар байлгахыг зорьж ажиллах учраас аль болох цөөн бүтээгдэхүүнтэй байна.Энэ бүхнийг хялбаршуулах нь манай банкны гол зорилго. Бүр тодруулж хэлбэл санхүүгийн харилцааг хялбаршуулах зорилготойгоор ажиллана. Баруунд зээл бол нэг л бүтээгдэхүүн гэсэн ойлголт бий. Манай банкуудын хувьд машины зээл олгохоор машиныг нь барьцаалдаг, цалингийн зээл өгөхдөө цалинг нь барьцаалдаг гэх мэтээр хэрэглэгчийг барьцаанд уядаг. Ийм шалтгаанаар зээлээ төрөлжүүлчихдэг. Манай зээлийн тухайд арай өөр, барьцаатай зээл гаргахгүй. Тэр утгаараа бидний харж байгаа зээлийн хэмжээ тийм том дүнтэй биш. Цэвэр орлого дээр нь суурилсан зээл байх юм. Нийгмийн даатгалаа төлдөг хүн хариуцлагатай байх нь тодорхой. Тэрэн дээр нь л суурилна.

 

-М-Си-Эс группийн банк байгуулах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэхийг Монголбанкинд даалгасан шийдвэрийг гурван шатны шүүхээс гаргаад байна. М-Си-Эс яагаад, ямар шалтгаанаар шүүхэд хандсан бэ гэсэн асуултаар ярилцлагаа үргэлжлүүлье?

 

-Бид банк байгуулах хүсэлтээ 2017 оны наймдугаар сарын 16-нд Монголбанкинд өгсөн юм. Хүсэлтийг хүлээн аваад нэмэлт материал, мэдээлэл шаардсаныг бид хүргүүлсэн бөгөөд 2018 оны гуравдугаар сарын 30-нд Төв банкнаас албан тоотоор хариу ирсэн. М банк нь суурь бүртгэлийн програм хангамж, тоног төхөөрөмж, банк хоорондын төлбөрийн системд ажиллахад бэлэн болох ёстой. Мөн банкны нөөц төвийг байгуулах шаардлагыг хангачихвал лиценз өгөхөд асуудалгүй гэсэн л дээ. Энгийнээр жишээлбэл, ХААН банкнаас M банк руу, М банкнаас бусад банк руу мөнгө шилжүүлж үзээд бүх тооцоолол нь зөв явж байгаа, эсэхийг шалгахаар болсон гэсэн үг. Монголбанкны тавьсан нөхцөлийг хангахын тулд бид хөрөнгө оруулалт хийж ажиллаж эхэлсэн. Ажлаа гүйцэтгэж дууссаны дараа Монголбанктай хамтарч шалгуулаад баталгаажуулсан. Ингээд 2018 оны аравдугаар сарын 11-нд М банк бүх шаардлагыг хангасан байна гэсэн хариу өгсөн юм.

 

-Лицензээ авах шаардлагаа бүрэн хангасан гэсэн үг үү?

 

-Тэгж ойлгож болно. Ингээд лицензээ авах юм байна гээд хүлээж байтал 2019 оны дөрөвдүгээр сард М банк байгуулах тусгай зөвшөөрлийн хүсэлтийг түдгэлзүүлэх гэсэн агуулгатай албан тоот манайд ирсэн.

 

-Ямар шалтгаанаар тийм албан тоот ирүүлсэн юм бол?

 

-Шалтгааныг нь тайлбарлаж хэлээгүй. Тийм учраас шүүхэд хандсан юм.

 

-Лицензээ авчихвал үйл ажиллагаагаа шууд эхлэх үү?

 

-Лиценз өглөө л бол бид үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болсон.

 

-М төсөлд одоогоор хэчнээн хүн ажиллаж байна вэ?

 

-Манайд 60 хувь нь мэдээлэл технологийн салбарын, бусад нь санхүү, борлуулалтын гээд нийт 100 гаруй залуу ажиллаж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Lend mn ий төлбөр тооцоо банкуудаар явдаг. Эднийх шууд өөрсдөө хиых гээд бхйгаа юм биш үү
2020-01-11
Bbsb baihad hangalttai um bishuu. Uun bank
2020-01-09
Эм Си Эс бол Монголд авилгалыг хөгжүүлсэн компани
2020-01-08
Ч.Сайханбилэгийг албадан авч ирэх ажиллагаа явуулж эхэллээ
2020-01-07
Ttt:
Aramndaa yajignda
2020-01-07
Ttt:
Aramndda l uajigna
2020-01-07
танайх оффис болгондоо нийтэд үйлчлэх жорлонтой байх соёлт нийгмийн шаардлагыг орхигдуулсанаас болсон гэж учир мэдэх нэгэн хэлээд байгааг дуулгая
2020-01-07
ЯГ ҮНЭН ЛЕНД БАЙНА ХУДЛАА СҮР ЯРИАТАЙ НОВШИЙН ГАР ВЭ
2020-01-07
лэнд мн л байна шдээ. Нээх сүртэй банк манк
2020-01-07
Зочин:
Lend mn ий төлбөр тооцоо банкуудаар явдаг. Эднийх шууд өөрсдөө хиых гээд бхйгаа юм биш үү