Лондон: Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн Иран, Ирак дахь дипломатуудаа цөөлөв
2020-01-07

 

Ираны генерал Касем Сулейманиг хөнөөсөнтэй холбоотойгоор Ойрх Дорнодод нөхцөл байдал эрс хурцдаж байгаагийн улмаас Ирак, Иран дахь дипломат төлөөлөгчдийн газруудынхаа ажилтнуудыг Их Британи эрс цөөлсөн талаар Regnum мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дипломат ажилтнуудыг гэр бүлийнх нь хамт эгүүлэн татаж, аюулгүй байдлыг хангах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа гэнэ. Харин Багдад болон Тегеран дахь элчин сайдууд албан тушаалдаа үлдэн үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаа аж.

 

"Манай ажилтнуудын аюулгүй байдал бидний хувьд нэн тэргүүний ач холбогдолтой" хэмээн Их Британийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч мэдэгджээ.

 

Эргэн сануулахад, Ираны генерал Касем Сулейманиг АНУ агаарын цохилт өгч хөнөөсний дараа Ойрх Дорнод дахь нөхцөл байдал хурцадсан юм. Иран улс генералынхаа өшөөг авч, хатуу хариу барина гэж мэдэгдсэн. Харин Иракийн парламент гадаадын цэргийн хүчнүүдийг бүгдийг гаргахыг шаардсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иракд "хязгааргүй хориг тавина" хэмээн сүрдүүлсэн юм.

 

 

АНУ, Ираны сөргөлдөөний шалтгаан ба өнөөгийн нөхцөлүүд 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин