2019 оны хамгийн сул ВАЛЮТУУД
2020-01-08

Ихэнх хүмүүс хамгийн хүчирхэг, хамгийн тогтвортой валютуудын талаар мэддэг. Швейцарын франк, ам.доллар, евро зэрэг валютууд үүнд  багтах бөгөөд эдгээр валютууд дэлхий дахинд өргөн ашиглагдаж, өртөг нь эрс өөрчлөгдөх нь ховор байдаг. Гэхдээ үүний зэрэгцээ ямар ч үнэ цэнэгүй валютууд ч бий. 

 

Тухайн улс орны улс төр, эдийн засгийн байдлаас үүдэн валютын ханш хэлбэлзэх бөгөөд өнгөрсөн онд хамгийн сул байсан таван валютыг шинжээчид нэрлэсэн талаар Vesti мэдээлснийг хүргэж байна.

 

1. Ираны риал

 

Өнгөрсөн онд хамгийн сул валют нь Ираны риал байжээ. 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар "хар зах" дээр нэг ам доллар 114 мянган риалтай тэнцэж байсан бол албан ёсны ханш нь 42 мянган риал байв.

 

Энэ улсын оршин суугчид "томан" гэх үгийг хэрэглэх нь элбэг бөгөөд энэ нь 10 риалыг илэрхийлнэ. Таниас 200 томан төлөхийг хүсвэл 2000 риал төлөх ёстой гэсэн үг.

 

Валютын ханшны сулрал нь нэн тэргүүнд эдийн засаг болон улс төрийн хоригтой холбоотой. Хориг арга хэмжээнээс үүдэлтэйгээр Иран дэлхийн барааны зах зээлд гарах боломжийг хязгаарласнаар тус улсын эдийн засаг ихээхэн уналтад орсон юм. Газрын тосны экспортлогч Иран улс хориг арга хэмжээний улмаас газрын тосоо экспортлох боломжгүй болсон нь үндэсний төсөвт ихээхэн хомсдол учруулжээ.

 

Энд дуулгахад, 2016 онд АНУ болон Европын холбоо зарим төрлийн хориг арга хэмжээгээ цуцалсан нь Ираны эдийн засгийг сайжруулж, валютын ханшийг тогтворжуулсан ч 2018 онд АНУ дахин хатуу хориг тавьсан юм. 

 

2. Венесуэлийн боливар 

Венесуэлийн боливар хамгийн өндөр түвшний инфляцитай валютад тооцогдож байна. Одоо нэг ам доллар 4600 боливартай тэнцэж байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд деноминаци явуулсан. 

 

Үүний шалтгаан нь 830 мянган хувьд хүрсэн гиперинфляци байсан бөгөөд деноминаци явуулсан ч үнийн өсөлт өдөр бүр үргэлжилж байжээ.

 

Деноминаци явуулахаас өмнө нэг ам.доллар бараг 250 мянган боливартай тэнцэж байв.

 

3. Вьетнамын донг

Вьетнамын донг дэлхийн хамгийн хямд валютуудын гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд нэг ам.доллар 23187 донгтой тэнцэж байна. 

 

Гэхдээ шинжээчдийн онцолсноор, тус улсын нөхцөл байдал тийм ч муу биш гэнэ. Вьетнам төвлөрсөн эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих хүндхэн замыг туулж байгаа бөгөөд тиймдээ ч энэ нь тус улсын валют үнэгүйдэхэд нөлөөлжээ. 

 

Вьетнамын Засгийн газар зөв замаар урагшилж байгаагийн дээр тун удалгүй тус улсын эдийн засаг эрс сайжирч, валютынх нь ханш Азийн хөршүүдээ гүйцэж түрүүлнэ гэж олон шинжээчид үздэг. 

 

4. Индонезийн рупи

Индонезэд нэг ам.доллар 14 мянга орчим рупитэй тэнцдэг. 2016 онд мөнгөн дэвсгэртийн өртөг хэт доод түвшинд очсоны улмаас тус улсын ерөнхийлөгчийн зарлигаар 1-100 000 рупи хүртэлх долоо төрлийн шинэ мөнгөн тэмдэгт гаргажээ.

 

Индонез Зүүн Өмнөд Азидаа эдийн засгийн хувьд тогтвортой, хөгжингүй орны тоонд ордог. Гэхдээ энд мөнгө солих ханш маш бага байдаг аж. Тус улсын холбогдох байгууллагууд үндэсний валютаа бэхжүүлэх төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа бүхий л хүчин чармайлтын дүнд багахан өөрчлөлт гарчээ. 

 

5. Сьерра-леоны леоне

 

Сьерра-Леонд нэг ам.доллар 9700 леонетэй тэнцэж байна. Гэхдээ үүнд гайхаад байх зүйлгүй. Энэ бол Африкийн маш ядуу орон бөгөөд олон сорилттой тулгарсан. Энэ бүгд нь үндэсний валют үнэгүйдэхэд хүргэсэн юм. Саяхныг хүртэл дайнтай байсан Сьера-Леонд одоо дахиад л үхлийн аюултай эбола вирус дэгдээд байна. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин