Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагасан ДЭВШИЛ
2020-01-10

 

“Би эрх чөлөөтэй хүн, миний эрхийг чи хаахгүй шүү, би эрхээ эдэлж, үгээ хэлж байна.” Энэ үгийг тэртээ 30-аад жилийн өмнө өсвөр наснаасаа сонсож билээ.  "Хүн бүр бага балчираасаа эхлэн туйлын аж ахуйч, арвич хямгач социалист өмчийн эс ширхэг бүрийг алхам тутамдаа нүдлэн хамгаалагч хөдөлмөрийг бишрэн шүтэгч байх ёстой.” гэсэн  Юмжаагийн Цэдэнбалын лоозонг хэлд орохтойгоо зэрэгцэн цээжлүүлж, тэр уриагаар хүмүүжсэн бидэнд хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч зэрэг үг чихэнд содон сонсогдож, сонин ч санагддаг байж. Ардчилсан нийгэмд шилжсэн эхний жилүүдэд цээжээ дэлдэн эрх чөлөөгөө тунхаглаж, бусдын  зөв шаардлагыг ч эс хүндэтгэн өөрийн эрхээ өмнөө тавих сөрөг хандлага ч олны дунд гарч байсан. Тэр үед миний эрх хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг үл хайхрагсад байсан л байх. Харин шинэ Үндсэн хуулиа баталж, “Монголын ард түмэн бид:

-улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

-хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

-төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

-хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

-эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэдгээ тунхаглан зарласнаар ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэн эрхэмлэсээр ирлээ. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд зөвхөн өөрийн бус бусдын эрхийг харгалзаж, асуудалд шударга ёс, тэгш байдлаар хандахыг эрмэлзэж,  хууль хэрэгжүүлэх зарчмыг нийтээрээ барьж, парламентат ардчилсан засаглалтай улсын иргэн болон төлөвшсөн. Өнөөдрийн иргэдийн боловсрол, хүмүүжил, хувийн өмч хөрөнгө, төрийн бодлого, бүтээн байгуулалт, улсын хөгжил... гээд энэ бүхэн ардчилсан шинэ Үндсэн хуулийн үнэ цэнэ, үр хөврөл юм.

 

Харин өнөөдөр Үндсэн хуульд хоёронтаа нэмэлт өөрчлөлт оруулан батлаад байна. УИХ шинэ Үндсэн хуулиндаа 20 жилийн дараа хоёр дахь өөрчлөлтийг хийлээ. Өмнө нь 2000 онд оруулсан өөрчлөлтийг олон нийт “дордохын 7 өөрчлөлт” гэж шүүмжилдэг. Энэ удаад уг алдаагаас засч,  цаг үе шаардсан бусад өөрчлөлтийг  оруулж, 24 зүйлийг 52 заалтыг хөндсөнийг хууль санаачлагчид онцолж байсан. Үндсэн хуулийн  хоёр удаагийн өөрчлөлтийг параментад МАН үнэмлэхүй олонхи байхдаа өөрчлөлт оруулж байгаагаараа онцлогтой. 2000-2004 онд УИХ-д МАН /хуучнаар МАХН/ 72 суудалтай байсан бол 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН-д сонгогчид 65 суудал өгч, үнэмлэхүй олонхиор төрийн эрхийг барьж байгаа. Юун түрүүн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Монгол Улсын төрийн тэргүүнийг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж хуульчилснаас бусдаар өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль үйлчлэх юм.

 

 

Төрийн, нийтийн өмч байгалийн баялгийн өгөөжийг нэмэгдүүлнэ  

 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр  юун түрүүн “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.   Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.

 

Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж тусгаад байгаа. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиар байгалийн баялгийг зөвхөн “төрийн өмч” гэж заасан байдаг. Харин “төрийн, нийтийн өмч” гэж тусгаснаар байгалийн баялгийн өгөөжөөс иргэдээ тэгш хүртээх, ирээдүйдээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэх болсноороо онцлогтой. Хууль мөрдөгдөж эхлээгүй ч өнөөдрийн тухайд ч Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хууль баталсан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хэрэгжих ажлуудын эхлэл гэж олон нийт харж байгаа юм.

 

УИХ-ын гишүүний ёсзүйгээс парламентын хариуцлага...

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн хариуцлагыг чангатгаж өгсөн юм.   Ингэхдээ “Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно” гэсэн “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.” гэсэн заалтыг тусгасан. Үндсэн хууль дахь энэ өөрчлөлтийг олон нийт  Ингэснээр төрийн түшээд бүрэн эрхээ эдлэхдээ ёс зүй, хариуцлагаа  чанд барьж  ажиллана гэж үзэж байна. УИХ-ын гишүүний үг, үйлдэл хууль тогтоох байгууллагын нэр  хүндийг хэмждэг. Гишүүд товлосон цагтаа хуралдахаас эхлээд хувийн эрх ашгаа нийтийнхээс дээгүүр тавихгүй байх, хуулиа дээдлэх зэргээр олон нийтийг ёс зүйгээрээ үлгэрлэж, парламентат засаглалын үйл ажиллагааг сайжруулахад дээрх заалт үр дүнгээ өгнө гэж хууль боловсруулагчид үзэж байна.

 

 

Ерөнхий сайдад олгосон “бүрэн эрх”

 

Өнгөрсөн хугацаанд Засаг тогтворгүй явснаас парламентын бүрэн эрхийн хугацаанд хэдэнтээ өөрчлөгдөж, энэ хэрээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, бодлого тасалдаж ирсэн. Тиймээс энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрхийг нэмэгдүүлж, гүйцэтгэх засаглалыг үйл ажиллагаагаа тогтвортой явуулах хууль, эрхзүйн орчныг бүрүүлж өгсөн нь урт хугацааны бодлогоо хэрэгжүүлж, улсын хөгжлийг хурдасгахад гол ач холбогдолтой гэж судлаачид үзэж байна лээ. Ийнхүү Үндсэн хуулийн өөрчлөлтөд “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж тусгасан нь “давхар дээл”-ийг хумхи асуудлыг баталгаажуулж өгсөн юм.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн үүрэг, хариуцлага тодорхой болсноор төрийн албаны сахилга хариуцлага дээшилнэ гэж хууль боловсруулагчид үзсэн.

 

Улсын хэмжээний бодлого дэвшүүлнэ шүү, улс төрийн намууд аа

 

Өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Улс төрийн нам 801 хүний гарын үсэг цуглуулж, эвлэлдэн нэгдэн, зорилтоо тодорхойлж, УДШ-д бүртгүүлснээр улс төрийн нам үйл ажиллагаагаа явуулж байгаа. Харин Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Нам улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана. Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэн эвлэлдэн нэгдэж байгуулна. Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.” гэж заалаа. Сонгуулийн насны нэг хувиас доогүй гэдэг нь 20 орчим мянган хүн эвлэлдэн нэгдэнэ гэсэн тооцооллыг СЕХ гэсэн. Өнөөдөр УДШ-д 35 улс төрийн нам бүртгэлтэй. Олон нийт дээрх улс төрийн хүчний үйл ажиллагаа чиглэл, бодлого байтугай нэрийг нь  сонсоогүй  байдаг.  Зарим улс төрийн хүчнийг нэг хүний, компанийн нам ч гэж онцолдог. Учир нь улс төрийн хүчнүүд сонгуулиар үйл ажиллагаагаа явуулж, бусад үед “ичээндээ” байсаар ирсэн. Тиймээс ч дээрх өөрчлөлт улс төрийн намуудын бодлого, үйл ажиллагааг чанаржуулна гэж үзэж байгаа юм.

 

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн үйл ажиллагаа,бүрэлдэхүүнд тавигдах шаардлагыг нэмэгдүүллээ. Тухайлбал, “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болно. Шүүхийг эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.”гэж заасан. Энэ нь шүүхийн хараат бус байдлыг сайжруулж, олон  нийтийн итгэлийг нэмэгдүүлсэн чиглэж байгаа аж.

 

Өнгөрсөн хугацаанд нийслэл рүү шилжилт хөдөлгөөн төвлөрч, орон нутгийн хөгжил орхигдсон. Тиймээс ч өнөөдөр нийслэлдээ түм түжигнэж, бум бужигнахын зэрэгцээ түгжрэлд хүлэгдсээр байгаа. Төвлөрлийг сааруулах, бүс нутгийг хөгжүүлэх талаар мөн тусгажээ. Тухайлбал олон жил яригдсан Дархан, Орхон аймгийг улсын зэрэглэлтэй хот болгосноор засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тусгай нэгжийн эрх хэмжээ олгох боломжийг бүрдүүлж байга. Мөн орон нутгийнхны хамгийн их шаарддаг зүйл нь төсөв, санхүүгийн эрх мэдэл. Үүнтэй холбогдуулан "Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно" гэж өөрчлөн тусгасан. 

 

Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан нь энэ парламентын түүхэн шийдвэр юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан энэхүү томоохон нэмэлт, өөрчлөлт төр тогтвортой, түмэн амгалан, засаглал нь тэнцвэртэй, шүүх нь хараат бус, нутгийн удирдлагын тогтолцоо нь зөв болж, ТӨР ЦЭГЦРЭХ ИХ ӨӨРЧЛӨЛТ-ийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүний төлөө бид хичээн зүтгэсэн билээ. Тиймээс ӨӨРЧЛӨЛТ маань эрүүл нийгэм, шударга улс төр, хөгжсөн эдийн засаг руу биднийг хөтлөн замчилна гэдэгт итгэлтэй байна" гэдгийг онцолсон.  Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөх юм.  

 

Тиймээс хуулиа дээдэлж,, ирээдүйгээ бага балчраас нь Үндсэн хуулийн  үзэл санаагаар хүмүүжүүлж, салбар бүртээ хуулиа сахиулах нь парламентат засаглалтай Монгол Улсын иргэн бүрийн үүрэг билээ.

Н.Энхбат 

 

 

Shuud.mn
Сонин хачин