Сансрын аяллаа 15 жил хүлээсэн эмэгтэй энэ онд ниснэ
1-13

Сансрын аяллаа хүлээн 15 жил болсон профессор энэ онд сансарт нисэхээр болсон талаар ВВС агентлаг мэдээллээ.Өдгөө 61 настай профессор эмэгтэй Кетти Мезонруж сансарт аялах гэрээг 2005 онд байгуулж, 250 мянган ам.доллар төлсөн байна. 

 

Сансарт  тавхан минут байхын тулд 250 мянган ам.доллар төлж, 15 жил хүлээсэн Кеттигийн хүсэл биелж, энэ онд сансарт ниснэ гэдгийг нь түүнд тасалбар зарсан Virgin Galactic компани дуулгасан байна. Сансрын аялал зохион байгуулах энэ компанийг үүсгэн байгуулагч Ричард Брэнсон хамгийн түрүүнд нисэх бол, үүний араас нисэх хүмүүсийн тоонд хатагтай Кетти Мезонруж багтжээ. 

 

Бүх ажил төлөвлөгөөний дагуу явагдвал Virgin Galactic сансар руу жуулчид илгээсэн анхны хувийн компани болох юм. Компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр Жастин Бибер, Леонардо ди Каприо зэрэг алдартнууд багтсан 600 хүн сансрын аяллын тасалбар худалдан авсан гэнэ. 

 

Үүний зэрэгцээ өрсөлдөгч компаниуд ч энэ тал дээр хоцрохгүй урагшилж байна. Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосын үүсгэн байгуулсан Blue Origin компани мөн л сансрын жуулчдаа бүртгэж эхэлсэн бөгөөд энэ онд сансрын аялал гүйцэтгэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.  Мөн Илон Маскийн компани Дэлхий-Сар чиглэлийн аялал зохион байгуулж, анхны жуулчин нь Японы тэрбумтан байна гэж мэдэгдэж байлаа.

 

Энд дуулгахад, сансрын аяллаа 15 жил хүлээсэн хатагтай Мезонруж бүр эртнээс л сансар огторгуйд дурлах болсон байна. Тэрбээр 1969 оны долоодугаар сард Нил Армстронг болон Баз Олдрин нар саран дээр буусан анхны хүн болсон мөчийг өнөө хэр сайтар санадаг гэнэ.

 

Virgin Galactic компани сансар руу жуулчлах хүмүүсийг бүртгэж байгаа талаар мэдсэн даруйдаа шууд л очин тасалбар захиалжээ. Аяллын тасалбар худалдан авсан мөчөөсөө эхлэн Мезонруж төлөвлөгөөгөө нууцалж байсан бөгөөд гагцхүү гэр бүл, дотны нөхөд болон ижил төрлийн тасалбар авсан хүмүүсээс бүрдсэн бүлгийн гишүүд нь л энэ талаар мэдэж байсан гэнэ. 

 

2019 оны 11 дүгээр сард дээрх бүлгийн гишүүд сансарт аялахдаа өмсөх скафандраа өмсөж үзсэн байна.

 

"Энэ нь тун удахгүй аялал болох нь гэдгийг мэдрүүлсэн үйл явдал болсон. 15 жилийн дараа хүлээсний эцэст аялал болох нь" хэмээн Мезонруж ярьжээ.

 

Сансрын жуулчид аялалд бэлтгэхийн тулд ердөө гурав хоног шаардлагатай гэнэ. Virgin Galactic компанийн мэдээлснээр жуулчдыг эхлээд  Spaceport America руу хүргэж, тэндээс сансрын хөлөгт суулгах бөгөөд сансар руу нисэх, буцах аялал нийтдээ 90 минутын хугацаатай байх аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин