Хэлэлцээрээ Шведэд үргэлжлүүлэхийг АНУ БНАСАУ-д санал болгожээ
2020-01-13

 

 

Өнгөрсөн оны 10 дугаар сард Стокогольмд зогсоосон хэлэлцээрээ сэргээх саналыг АНУ БНАСАУ-д тавьсан талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайен мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, өнгөрсөн оны 10 дугаар сард Стокгольмд хэлэлцээр явуулсан бөгөөд одоо цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрийг гольдрилд нь оруулахын тулд АНУ олон сувгаар дэмжин ажилласан гэнэ. Мөн БНАСАУ одоогоор ямар нэг шинэ туршилт хийхээ азнаж байгаа нь сайны шинж гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хурлын үеэр шинэ стратегийн зэвсэг удахгүй танилцуулна хэмээн мэдэгдэж байлаа. Түүнчлэн АНУ Солонгосын хойгт цэргийн сургуулилт явуулсан хэвээр байгаа тул цөмийн туршилт хийхээс түр татгалзах үүргээ БНАСАУ цаашид мөрдөх албагүй хэмээн мэдэгдэж байв. 

 

Эргэн сануулахад, АНУ, БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны зургаадугаар сард Сингапурт амжилттай өндөрлөж, талууд хамтарсан мэдэгдэл хийж байлаа. Энэ мэдэгдэлд Пхеньян бүрэн цөмийн зэвсэггүй болоход зарчмын хувьд бэлэн байгаагаа мэдэгдсэн бол Вашингтон аюулгүй байдлын баталгаа өгөх үүрэг хүлээсэн юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин