"Гудамжаа цэвэр байлгах нь нийгмээ хүндэтгэж буйн хэлбэр"
2020-01-13
Гэрэл зургийг MPA.mn

 

Гэр хороолол гэхээр л хөө тортог, үнс нурам болсон хар бараан дүр зургийг та нүдэндээ буулгаж байна уу. Хэрэв хүсвэл таны харж буй тэр хар бараан дунд ч гэгээ дүүргэн амьдрах боломж бий. Гагцхүү гэр хорооллын иргэд дунд амин хувиа хичээх үзэл байсаар байна.

 

Жишээ нь бидний мэдэх Дэнжийн Мянгын Цагаан байранд 6-12 айл амьдардаг ба нэг айл дунджаар 15 метр квадрат байранд аж төрж байна. Нэг нэг хаалгатай ч нэг л байшинд амьдарч буй учраас орчны бохирдлоос (нүхэн жорлон, угаадас, үнс, хог) эхлээд олон асуудал оршин суугчдад үүсдэг байна.

 

Өөр нэг байрны найман айл тус бүрдээ нүхэн жорлонтой. Жорлон бүр цоожтой. Жамын эрхээр жорлон дүүрэхэд дахин хажууд нь нүх ухна. Найман айл тус бүрдээ нүх ухсаар нэг л өглөө гишгэх газаргүй болсон байж мэдэх төсөөлөл бууна.

 

Уг нь найман айл дундаа нэг жорлонтой байж болмоор санагдах. Харин жорлонгоо хувиарын дагуу ээлжлэн цэвэрлэж, бохирыг нь соруулах мөнгийг ч сар бүр нэг өрх төлөхөд өрхийн төсөв нимгэрэхгүй. Гэвч хөршүүдийн харилцаа, хэн хэнээ гэх итгэл л дутаад байх шиг.

 

Тэднийг нэгтгэн, хамтдаа цэвэр цэмцгэр орчинд амьдрах харилцаа хандлагыг бий болгох ажлыг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс Ногоон эдийн засгийн холбоотой (GEC) хамтран 2018 оны 10-р сараас эхлүүлжээ.

 

Гэр хорооллын иргэдэд тулгарч буй асуудлууд болон тэдгээрийн шийдлийг эрэлхийлэх зорилгооор “Бидний оролцоот шийдэл” аянг эхлүүлсэн байна. Аяны хүрээнд 2018 оны 11-12 сард Чингэлтэй дүүргийн 9-р хорооны 6-р хэсгийн 54 өрхөөс ярилцлага авч, иргэдэд тулгарч буй асуудлуудыг тодорхойлох зураглалыг бий болгожээ. Зураглалаар иргэдэд хөршийн холбоо, хамтын ажиллагаа маш чухал болох мөн иргэд цөөнгүй асуудлуудыг хамтраад шийдэх боломжтой гэж судалгааны баг дүгнэсэн байна.

 

Мөн “Хөршийн болзоо” чөлөөт ууллзалтыг зохион байгуулснаар Дэнжийн мянгын 54, 57-р байрны оршин суугчид цэвэрлэгээний хуваарь гарган хоёр байрны хоорон дахь нарийн гудамжийг цэвэрлэж байхаар тогтжээ.

 

Энэ сайн жишигийг эхлүүлсэн 57 дугаар байрны оршин суугч В.Цэцгээ “54, 57 дугаар байрны хооронд нарийн гудамж бий. Энэ гудамжаар сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд их зорчдог тул хөл хөдөлгөөн ихтэй. Орчноо цэвэр цэмцгэр байлгах үүднээс бид дундаа дэвтэр гаргаад ээлжээр тус гудамжийг цэвэрлэдэг болсон. Цэвэрлэгээгээ хийсэн айл нь он сар, гарын үсгээ зураад дараагийн айлд шилжүүлэх маягаар дэвтрээ “аялуулдаг”. Ингэснээр гудамж маань цэвэрхэн болж байна. Цаашид дэвтэртэй дэвтэргүй сэтгэлээрээ гараад цэвэрлэчихдэг болмоор байна. Орчин цэвэр бол гэр хороололд ч тухтай амьдрах боломж байна. Хүн гэдэг амьтан сүргээрээ, нийгмээрээ амьдардаг. Тиймээс орчноо сайхан авч явна гэдэг нийгмээ хүндэлж буйн нэг хэлбэр. Амин хувиа хичээгээд, гэр дотроо л би гэсэн үзлээр амьдраад байх биш аминч үзлээсээ салаад “Чи асгасан, тэр хаясан” гэлгүй хэний ч хогийг цэвэрлээд сурчихвал хот тэр чигтээ цэвэрхэн болно” хэмээжээ.

 

Нээрэн нэг өрхийн цэвэрч байдал нийтийн, нийгмийн хүндлэл мөн. Хогоо цэвэрлэх, үнсээ шуудайлахаа хүртэл “төрийн ажил” хэмээгээд цалгардаж суухын оронд дээрх жишгээр дор бүрнээ хөдөлмөрч, хамтач, нийтэч байж чадвал гэр хороололд ч гоё амьдрах боломжтой. Сэтгэл нэгдэх л чухал.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин