Сайн дураараа нутаг буцсан иргэдэд БНСУ-д дахин ирэх виз олгоно
2020-01-14

 

БНСУ-д хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдийг сайн дураараа нутаг буцахад нь зориулан тус улсын Хууль зүйн яамнаас 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны хооронд өршөөлийн аян хэрэгжүүлж байна. БНСУ-ын Хууль зүйн яамнаас хэрэгжүүлж буй энэ удаагийн өршөөлийн аяны үндсэн зорилго нь Солонгост хууль бусаар оршин сууж байгаа гадаад иргэд сайн дураараа нутаг буцах тохиолдолд дахин ирэх баталгааг тодорхойлолтоор баталгаажуулж, өршөөлийн аяны үеэр нутаг буцаагүй тохиолдолд дахин орж ирэх эрхийг бүрмөсөн хасах хүртэл хатуу арга хэмжээ авахад чиглэгджээ.



Сүүлийн жилүүдэд 200 мянгаас хэтэрдэггүй байсан хууль бус оршин суугч гадаад иргэдийн тоо 2019 оны 10 дугаар сарын 31-ний байдлаар 380 мянгад хүрч, огцом өссөн нь БНСУ-ын хөдөлмөрийн зах зээл, ялангуяа барилгын салбарт ажиллаж буй дотоодын иргэдийн ажлын байр хомстоход хүргэжээ. Үүний уршгаар хууль бусаар ажил олгогчдын тоо өсч, хөдөлмөрийн болон хууль ёсны ажиллах хүчний тогтолцоо алдагдахад хүрсэн байна. БНСУ-д визгүй зорчигч орны иргэд нийт хууль бус оршин суугчдын 44,7%-ийг эзэлж байгаа бөгөөд гадаадын иргэдийг тус улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаах тохиолдол 54,5%-иар нэмэгдсэн байна.

 

БНСУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНААС ӨРШӨӨЛИЙН АЯН ЗАРЛАСАН ТАЛААР:

 

1. Сайн дураараа нутаг буцаж буй иргэдийг торгуулиас чөлөөлж, “сайн дураар нутаг буцсан” гэх тодорхойлолтыг олгон, БНСУ-ын хилээр гарсан өдрөөс хамаарч дор дурдсан хугацааны дараа БНСУ-д дахин ирэх богино хугацааны виз /С-3, 90 хоног/ олгоно.

 

- 2019.12.11-2020.3.31 хооронд нутаг буцвал 3 сарын дараа

- 2020.4.1-2020.4.30 хооронд нутаг буцвал 4 сарын дараа

- 2020.5.1-2020.5.31 хооронд нутаг буцвал 5 сарын дараа

- 2020.6.1-2020.6.30 хооронд нутаг буцвал 6 сарын дараа

 

2. Өршөөлийн аяны хүрээнд нутаг буцан, виз авч дахин БНСУ-аад ирээд оршин суугаа хаягаа албан ёсоор бүртгүүлж, оршин суух хугацаандаа эрх зүйн зөрчил гаргаагүй тохиолдолд дараагийн удаа ирэхэд 1 жилийн хугацаатай (С-3, 90 хоногийн, олон удаагийн виз) олон удаагийн виз олгоно.

 

3. Энэ хугацаанд нутаг буцсан иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз “Е-9” бүртгүүлэх эрх олгохоос гадна суралцах (D-2), дадлагажигч (D-4), хөрөнгө оруулагч (D-8) виз мэдүүлэх эрх үүснэ.

 

Өршөөлийн аяны хүрээнд нутаг буцсан иргэд дээрх хөнгөлөлтийг эдлэхийн тулд дараах асуудлуудыг анхаарах шаардлагатай. Үүнд:

 

1. Дээр заасан хугацааны дараагаар БНСУ-ын виз мэдүүлэхдээ сайн дураараа нутаг буцсан тухай тодорхойлолт, гэмт хэрэгт холбогдож байсан эсэх тодорхойлолт, халдварт өвчний шинжилгээ өгсөн тодорхойлолт /сүрьеэ г.м/-ын визийн материалд хамт бүрдүүлж өгөх.

 

2. Өршөөлийн аяны хүрээнд нутаг буцаж, БНСУ-ын виз авч дахин ирсэн иргэн 14 хоногийн дотор албан ёсны оршин суугаа хаягаа www.hikorea.go.kr цахим хуудсанд бүртгүүлнэ.

 

3. 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш сайн дураар нутаг буцсан, 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэх шалгалтын/баривчилгаа/ хүрээнд саатуулагдаж, албадан нутаг буцаагдсан гадаадын иргэдэд торгууль ногдуулна. Торгуулийг 2020 оны 7 дугаар сарын 01-ээс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл үндсэн торгуулийн дүнгийн 30%, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 50%-аар тооцож ногдуулна. 2020 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн торгуулийг тооцож эхэлнэ. Торгуул төлсөн хууль бус оршин суугч гадаад иргэдийн Солонгос улсад нэвтрэх эрхийг 6 сараас 1 жилийн хугацаатайгаар хязгаарлана. Торгууль төлөлгүй нутаг буцсан хууль бус оршин суугч гадаад иргэдэд Солонгос улсад нэвтрэх эрхийг бүр мөсөн хасах хүртэл арга хэмжээ авна.

 

Хууль бус оршин суугч гадаад иргэдэд ногдуулах торгуулийн хэмжээ:

 

 

ӨРШӨӨЛИЙН АЯНЫ ХҮРЭЭНД БНСУ-Д ХУУЛЬ БУСААР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ БАЙГАА ГАДААД ИРГЭД, АЖИЛ ОЛГОГЧ ААН-ҮҮДЭД ҮЗҮҮЛЖ БУЙ ХӨНГӨЛӨЛТИЙН ТАЛААР:

 

Хөдөө аж ахуй, загас агнуурын салбар: “Гадаадын хууль бус оршин суугчийг ажлын байраар хангах, хөдөлмөр эрхэлж буй тухайгаа сайн дураараа мэдэгдэх” зарчмыг 2019 оны 12 сарын 11-ний өдрөөс 1 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн хэрэгжүүлж, тус салбарын ажил олгогч нар болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас энэ салбарт ажил эрхэлж буй хууль бус ажил эрхлэгч гадаадын иргэдийг тухайлан тодорхойлбол уг гадаадын иргэнд улирлын чанартай ажил эрхлэх боломжийг хуулийн дагуу олгоно.

 

Хууль бус хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлсэн, хөдөлмөр эрхэлж буйгаа сайн дураараа мэдэгдсэн ажил олгогч болон гадаадын иргэнийг торгуулиас чөлөөлөх ба тухайн гадаадын иргэнд орон нутгийн удирдах байгууллага тодорхойлолт олгож, сайн дураараа нутаг буцсан тохиолдолд буцан ирж улирлын чанартай ажил эрхэлж боломж олгоно.

 

Ажлын байраа холбогдох хуулийн дагуу солих зохицуулалтыг хэрэгжүүлээгүй гадаадын ажилчид сайн дураараа мэдэгдэх дараах зарчмыг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 3 сарын 31-нийг хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ. Үүнд:

 

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөөр Солонгос улсад ирсэн Е-9 визтэй гадаад иргэн зөвшөөрлийн хугацаанд, заагдсан аж ахуйн нэгжээ дур мэдэн сольж, хууль бус хөдөлмөр эрхлэгч болсон, мөн онцгой нөхцөлөөр ажил эрхлэх зөвшөөрөл аваагүй H2 визтэй гадаад иргэн болон тухайн гадаад иргэнийг зөвшөөрөлгүйгээр ажилд авсан аж ахуйн нэгжүүд нь тус тус сайн дураараа энэ тухайгаа мэдэгдвэл ногдуулах хариуцлагыг зөөлрүүлнэ.

 

Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа тухайгаа сайн дураараа мэдэгдсэн гадаад иргэнд мэдэгдэл өгөхийн өмнө ажиллаж байсан аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах эрхийг олгох эсхүл тухайн гадаад иргэний хүсэлтээр Хөдөлмөрийн яам бусад аж ахуйн нэгжид зуучлаж, санал тавина.

 

Харин сайн дураар хууль бус ажилтанд ажлын байр олгосон аж ахуйн нэгж энэ тухайгаа мэдэгдсэн бол нийт оногдуулах торгуулийн хэмжээг бууруулж 30%- ийг төлүүлэн ажлын байрны эрэлтийг хязгаарлах хариуцлагаас чөлөөлнө. Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа тухайгаа сайн дураар мэдэгдсэн Е-9 ангиллын визтэй гадаадын иргэнд ногдуулах нийт торгуулийн хэмжээг бууруулж 30%-ийг төлүүлнэ, харин Н-2 визтэй гадаадын иргэн нь хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэх үүргээ зөрчвөл торгууль төлнө.

 

Хууль бусаар ажил олгосон хэргээр эрүүгийн цагдаад гомдол ирсэн тохиолдолд үндсэн торгуулиас чөлөөлөх, бууруулахгүй байх талаар прокурорын байгууллагын дэмжлэг авч ажиллана.Хууль бусаар ажил олгогчид ногдуулах шийтгэл нь 3 жил хүртэлх хугацаагаар хорьж, 20 сая вон хүртэл мөнгөн торгуул ногдуулдаг байсныг 5 жил хүртэлх хорьж, 50 сая вон хүртэл мөнгөн торгуультай давхар шийтгэл оногдуулна.

 

Мөн хууль бус оршин суугч гадаад иргэн суугаа хот, мужид байрлах цагаачлалын албанд өөрийн биеэр хүрэлцэн очиж сайн дураар өөрийгөө мэдүүлж, бүртгүүлэх бөгөөд ажил хэргийг төлөөлөн гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллага, хувьд хүнд мөнгө төлөхгүй байхад анхаарч, хэрэв сайн дураар мэдэгдэх эрхээ зуучлагч этгээдээр дамжуулж, эд хөрөнгөөр хохирвол Сөүл хотын Цагаачлалын тусгай мөрдөн байцаах баг (утас: 02- 736-8955)-т мэдэгдэнэ.

 

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Shuud.mn
Сонин хачин