Сургуулийн автобусаар зорчигч хүүхдүүдэд байршил тогтоох бугуйвч тараав
2020-01-15

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус”-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас явуулж эхэлсэн.

 

Сурагчдыг 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр сургуульд нь хүргэж өгч, тарахад нь гэрийнх нь ойролцоох автобусны буудал дээр эцэг, эхэд нь хүлээлгэн өгч үйлчилж буй юм.

 

Тэгвэл өчигдрөөс /2020.01.15/ сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдүүдэд байршил тогтоох бугуйвч тарааж, эцэг эхчүүдэд зориулсан  "UB school bus" аппликейшныг ашиглалтад оруулжээ.

 

 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Сургуулийн автобус төсөл маань боломж нөөцөөрөө хүрээгээ тэлж сурагчдын аюулгүй байдлыг хангах, эцэг эхчүүдэд хүүхдээ хаана явж байгааг хянах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн 33 сургуулийн 4000 орчим сурагчдын байршил тогтоох бугуйвчийг багш нарт нь хүлээлгэн өглөө. Сургуулийн автобусандаа суухдаа сурагчид бугуйвчаа уншуулах бөгөөд ингэснээр эцэг эхчүүд хүүхдээ UB_school_bus аппликейшнаар хаана явж байгаа, автобусандаа суусан эсэх, хөдлөөд хэр удсан зэрэг холбогдох бүх талын мэдээллийг утаснаасаа авах боломжтой болж байгаа юм" гэлээ. 


Мөн багш нарт байршил тогтоох бугуйвч, аппликейшны талаар сургалтууд өгч эхэлжээ. Эцэг, эхчүүд "UB school bus" аппликейшнаа утсандаа татаж суулгаарай.

Shuud.mn
Сонин хачин