АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр зардалтай дайн-2
1-16

    

АНУ бол дэлхийн хүчирхэг цэргийн гүрэн. Түүнчлэн цэргийн сөргөлдөөнд оролцсон тоогоороо ч дэлхийд дээгүүрт орно. Мэдээж цэргийн ажиллагаа асар их зардал шаарддаг. Бид та бүхэнд АНУ-ын түүхэн дэх хамгийн зардал өндөртэй дайнуудыг цуврал болгон хүргэж байна. Өмнөх мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 


4. Вьетнамын дайн 


Цэргийн ажиллагаанд зарцуулсан АНУ-ын зардал (2019 оны ханшаар): 843,63 тэрбум ам.доллар 

Үргэлжилсэн хугацаа: 17 жил 9 сар 

Цэргийн хохирол: 58 220


Вьетнамын дайн бол соёлд ихээхэн ул мөрөө үлдээсэн, Вьетнамын шинэ үеийн түүх төдийгүй энэ дайнд багагүй чухал үүрэг гүйцэтгэсэн АНУ, ЗХУ-ын түүхэнд томоохон байр суурь эзлэх, ХХ зууны хоёр дугаар хагасын хамгийн том зэвсэгт сөргөлдөөнүүдийн нэг юм. 


Энэ дайн Өмнөд Вьетнамд иргэний дайн байдлаар эхэлсэн. Улмаар хожмоо БНХАУ болон ЗХУ-аас дэмжлэг авсан Хойд Вьетнам, түүнчлэн найрсаг харилцаат Өмнөд Вьетнамыг хамгаалах үүргээ гүйцэтгэхээр АНУ болон түүний холбоотнууд дайнд татагдан орсон юм. 


Америкийн Гэллап хүрээлэнгийн мэдээлснээр, 1964-1972 онуудад чухамхүү Вьетнам дахь дайн АНУ-ын олон нийтийн санааг зовоосон хамгийн чухал асуудлуудын нэгдүгээрт жагсдаг байж. 


Мөн энэ дайн АНУ-ын оршин суугчдын ертөнцийг үзэх үзэлд ихээхэн нөлөөлсөн бөгөөд энэ дайныг эсэргүүцсэн залуусаас бүрдсэн хиппи хөдөлгөөн үүсч байлаа. 


Энэ хөдөлгөөний өрнөл хэсэг нь1967 оны 10 дугаар сард болсон үйл явдал байв. Тухайн үед дайныг эсэргүүцсэн 100 мянга орчим залуучууд Вашингтонд цугласан бол 1968 оны наймдугаар сард Чикаго хотноо АНУ-ын Ардчилсан намын хурлын үеэр эсэргүүцэл зохион байгуулж байжээ. 


3. Афганистаны дайн 

Цэргийн ажиллагаанд зарцуулсан АНУ-ын зардал (2019 оны ханшаар): 910,47 тэрбум ам.доллар 

Үргэлжилсэн хугацаа: 2001-2014 он  

Цэргийн хохирол: 2285

 

Энэ бол 1978 оноос хойш үргэлжилж буй Афганистаны иргэний дайны нэг үе юм. АНУ 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны хариу болгон “Тогтвортой эрх чөлөө” ажиллагааны хүрээнд Афганистанд цэргийн ажиллагаа явуулж байгаа. 


2011 оны долоодугаар сараас эхлэн Афганистанаас эвслийн цэргүүдийг аажмаар гаргаж эхэлсэн бөгөөд 2013 оны долоодугаарсард тус улсын аюулгүй байдлыг хангах үүргийг орон нутгийн хүчний байгууллагад шилжүүлж, энэ үеэс хойш эвслийн бие бүрэлдэхүүн туслах үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хэдийгээр дайн дууссан гэдэг ч үнэндээ одоо хэр үргэлжилсээр байна. 


2. Иракийн дайн 


 

Цэргийн ажиллагаанд зарцуулсан АНУ-ын зардал (2019 оны ханшаар): 1.01 их наяд ам.доллар 

Үргэлжилсэн хугацаа: 7 жил 5 сар 

Цэргийн хохирол: 4410


Саддам Хусейний дэглэмийг унагах зорилгоор АНУ болон түүний холбоотнуудын цэргүүд Ирак руу дайран орсноор дайн эхэлсэн юм. 


Саддам Хусейний дэглэм олон улсад аюул занал учруулна гэдгийг батлахын тулд 2002-2003 онуудад Америкийн захиргаа ихээхэн хүчин чармайлт гаргаж байлаа. Иракийг үй олноор хөнөөх зэвсэг боловсруулсан, олон улсын алан хядах байгууллагуудтай хамтран ажилласан гэж буруутгаж байсан юм. Анх 2004 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Иракийн нутаг дэвсгэрт гадаад орны цэрэг оруулах зөвшөөрлийг олгож, цаашлаад зохих тогтоолууд үргэлжлэн гарсан. 2009 оны зун Иракаас АНУ-ын холбоотон орнуудын сүүлчийн цэргүүд гарсан бөгөөд мөн оны наймдугаар сарын нэгэн гэхэд Иракд гагцхүү Америк болон Британийн цэргүүд үлдсэн байв.  Сөргөлдөөний үеэр учирсан Америкийн хохирлын талаарх мэдээлэл ихээхэн зөрүүтэй байдаг. 


Иракийн босогчдын мэдээллээр, сөргөлдөөний үеэр 30-40 мянган Америкийн цэргийн алба хаагч амиа алдсан гэнэ. Түүнчлэн Ирак дахь цэргийн ажиллагаа АНУ-ын армийн алба хаагчдын дунд стресс, амиа хорлолт, цэргээс оргох  шалтгаан болж байжээ. Пентагоны мэдээлснээр 2003 онд Иракт цэргийн ажиллагаа эхлэснээс 2009 оны сүүл хүртэлх хугацаанд Иракийн дайнд оролцож байсан 8000 алба хаагч  оргосон гэдэг. 


1. Дэлхийн II дайн 

 

Цэргийн ажиллагаанд зарцуулсан АНУ-ын зардал (2019 оны ханшаар): 4,69 их наяд ам.доллар 

Үргэлжилсэн хугацаа: 3 жил 9 сар 

Цэргийн хохирол: 405 399


Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том зэвсэгт сөргөлдөөн болсон энэ дайнд тухайн үед оршин байсан 73 орноос 62 нь буюу дэлхийн хүн амын  80 хувь нь татагдан оролцжээ. 


Дайны ажиллагаа Европ, Ази, Африкийн нутаг дэвсгэрт, бүхий л далай тэнгисийн усан орон зайд явагдаж байв. Мөн энэ нь цөмийн зэвсэг ашигласан цорын ганц сөргөлдөөн юм. 


1941 оны 12 дугаар сарын 07-ны өдөр япончууд Сувдан эрэг рүү дайрч, улмаар АНУ 12 дугаар сарын наймны өдөр Японд дайн зарлан, Дэлхийн хоёрдугаар дайнд оролцох болов.

 
1945 оны наймдугаар сарын зургаан болон есний өдөр АНУ Японы Хирошима, Нагасаки хотууд дээр атомын бөмбөг хаяж, 250 мянган хүнийг хөнөөсөн юм. 

 

АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр зардалтай дайн-I

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
муу янкинуудын дэлхийн 2 дугаар дайнаас олсон орлогыг нь бичээч.
2020-01-17