ОХУ-ын Засгийн газар огцорно, цаашлаад яах вэ?
2020-01-16

 

Засгийн газар огцров

Нэгдүгээр сарын 15-ны 12.00 цагт /Улаанбаатарын цагаар 17.00 цаг/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин уламжлал болсон,  Холбооны хуралд хандсан илгээлтээ тавив. Үүний дараа ОХУ-ын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох болсон нь олон улсын хэвлэлийн анхаарлыг татлаа. Засгийн газар яагаад огцрох болов. 

 

Холбооны хуралд тавьсан илгээлтдээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путин эрх мэдлийг сэлгэх, үндсэн хуулийн шинэчлэлтийг хийх цогц арга хэмжээ санал болгосон юм. Энэ мэдэгдлийн дараа Засгийн газар бүрэн эрхээ дуусгавар болж байгаагаа мэдэгдэв. 

 

"Эдгээр өөрчлөлтүүдийг хийвэл Үндсэн хуулинд ихээхэн өөрчлөлт орохоос гадна засаглалын тэнвцэртэй байдалд, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон шүүх засаглалд өөрчлөлт орно. Энэ утгаараа, ОХУ-ын Засгийн газар болох бид улс орныхоо ерөнхийлөгчид шаардлагатай шийдвэр гаргах боломжийг олгох ёстой гэж бид үзэж байгаагийн дээр энэ нөхцөлд ОХУ-ын Үндсэн хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан нь зөв гэж би бодож байна" хэмээн Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев мэдэгдсэн юм.

 

Цаашлаад яах вэ?

 

ОХУ-ын Үндсэн хууль, "Оросын Холбооны Улсын Засгийн газрын тухай" хуулинд тус тус зааснаар Засгийн газар огцрох эсвэл бүрэн эрх нь дуусгавар болвол Ерөнхийлөгчийн зарлигаар шинэ засгийн газар бүрэлдэх хүртэл хуучин бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэх ёстой. Ийм үүргийг  Владимир Путин өгсөн юм. 

 

Тиймээс дараагийн Засгийн газар бүрдүүлэх хүртэл  өнөөгийн сайд нар үүрэг гүйцэтгэгч гэсэн  статустай ажиллах юм.

 

Шинэ Засгийн газар хэзээ бүрэлдэх вэ?

 

ОХУ-ын Үндсэн хуулинд зааснаар Засгийн газрын тэргүүнийг Төрийн дум зөвшөөрснөөр Ерөнхийлөгч томилдог.  Засгийн газрын тэргүүн огцорсноос хойш хоёр долоо хоногийн дотор шинэ тэргүүнийг нэр дэвшүүлэх ёстой. Харин энэ удаагийн тухайд, нэгдүгээр сарын 15-ны үдэш Владимир Путин  Холбооны татварын албаны тэргүүн Михаил Мишустиныг нэр дэвшүүлсэн юм. Одоо Думын гишүүд нэр дэвшигчийг долоо хоногийн дотор авч хэлэлцэн, шийдвэрээ гаргах ёстой.

 

Томилогсдноос хойш дахин долоо хоногийн дотор Засгийн газрын тэргүүн өөрийн орлогч болон холбооны сайд нарт нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид танилцуулах ёстой юм байна. Ингэснээр хуучин засгийн газар огцорсноос хойш нэг сарын дотор шинэ Засгийн газар бүрэлдэх учиртай.

 

Одоогийн сайд нар "хаачих" вэ?

 

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Дмитрий Медведевийг ямар албан тушаалд томилох талаар одоогоор нарийн мэдээлэл гараагүй байна. Засгийн газар огцрох шийдвэр гарсны дараа Владимир Путин Медведевд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаал санал болгосон. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар ҮАБЗ-ийн орлогч гэх албан тушаалыг чухамхүү Медведевд зориулан бий болгосон гэнэ. Путин өөрөө ҮАБЗ-ийн дарга хэвээр үлдэх юм.

 

Дашрамд дуулгахад, Оросын орчин үеийн түүхэнд Засгийн газар сайн дураар огцорсон тохиолдол ганцхан удаа гарч байсан нь 2007 оны есдүгээр сарын 12-нд тохиож байв. Тухайн үед мөн л Путины "таалалд нийцүүлэн" ийм шийдвэр гаргаж байв. Тодруулбал, Думын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "боловсон хүчний асуудал зэрэг олон асуудлаар шийдвэр гаргах эрх чөлөө"-г ерөнхийлөгчид өгөхийн тулд ийм алхам хийсэн гэж мэдээлж байлаа. Мөн Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дагуу Засгийн газрыг огцруулж байсан гэх бөгөөд энэ удаад ч Путины илгээлтийн дараа хийсэн Медведевийн мэдэгдэл, Засгийн газраа огцруулах шийдвэр нь гэнэтийнх байсан гэхэд хэцүү. 

 

 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Оросын сайтуудын сэтгэгдэл уншиж байхад Путинд шүүмжлэлтэй хандах хандлага ихэсчээ
2020-01-16