Нийслэлчүүд 2015 оноос автобусанд зөвхөн цахим картаар үйлчлүүлж эхэлсэн. Гэвч иргэд бэлэн мөнгөөр зорчих зөрчил ихээр гардаг тул "Улаанбаатар смарт карт" компанийн зүгээс тогтмол U money картаа уншуулан автобусаар зорчдог иргэдээ урамшуулах зорилгоор нийтийн тээврээр зорчигч иргэдийн дунд "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулж азтан шалгаруулахаар болжээ. Энэ талаар “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд, Харилцагч, үйл ажиллагааны газрын ахлах менежер Ц.Түвшинжаргал нар өнөөдөр /2020.01.17/ мэдээлэл хийлээ.
Нийслэлд их оврын 1043, залгаа 20, дунд оврын 30, бага оврын 19 автобус, 70 троллейбус, 591 такси нийт бүртгэлтэй 1793 нийтийн тээврийн хэрэгсэл байна. Эдгээр нийтийн тээврээр зорчихдоо U money цахим төлбөрийн картаа уншуулсан иргэд сар болгон тодрох 11 азтаны нэг болж хоёр сая хүртэлх төгрөгийн бэлэн мөнгө болон сарын турш үнэ төлбөргүй зорчих эрхтэй автобусны карт авах боломжтой болох юм байна.
Энэ тухай "Улаанбаатар смарт карт" ХХК-ийн ахлах менежер Ц.Түвшинжаргал "Манай компанийн зүгээс таван жилийн ойн хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ авахдаа картаа байнга ашиглаж хэрэглэдэг үнэнч хэрэглэгчдээ урамшуулах үүднээс "Ёндоотой карт" урамшуулалт хөтөлбөрийг эхлүүлээд байна. Хоёрдугаар сарын хоёрдахь долоо хоногт эхний тохирол явагдана. Энэхүү тохирлыг нэгдүгээр сард автобусанд уншуулсан картуудын дунд явагдана. Тэгэхээр одоо хэрэглэгдэж буй картууд аль хэдийн бүртгэгдсэн тул картаа уншуулаад зорчиж буй хүн бүр азтан болох боломжтой. Автобусны картны ард 12 оронтой тоо байдаг. E баримттай төстэй байдлаар арын дугаараас нь эхэлж азтанг тодруулах болно. Жишээлбэл, картын дугаарын арын дөрвөн орон таарсан тохиолдолд сарын турш нийтийн тээврээр үнэгүй үйлчлүүлэх эрхтэй болох юм. Сүүлийн таван орон таарвал 500 мянган төгрөг, зургаан орон таарвал хоёр сая төгрөгийн шагналтай байгаа. Иргэд смарт картаараа нийтийн тээврээр сард 10-аас дээш удаа зорчсон байхад азтан болох боломжтой” гэв.
Урамшуулалт хөтөлбөр бүтэн жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нэг сарын шагналын сан нь 10 сая төгрөг байх аж. Азтангууд сар бүрийн хоёр дахь долоо хоногийн лхавга гаригт тодорно. Хэрэв азтан шагналаа аваагүй тохиолдолд шагналыг дараа сарын тохирлын өдөр хүртэл хадгалах юм байна.
Хэрэв та "U money" картгүй бол дараах картын төрлүүдээс сонголтоо хийх боломжтой. Үүнд:
Дашрамд дурьдахад энгийн карт нь интернетээр цэнэглэх боломжгүй тул зөвхөн цэнэглэх цэгээр цэнэглүүлэх юм байна. Харин хугацаатай карт болон Хаан банкны Сити пасс картыг интернэтээр цэнэглэн ашиглах боломжтой.
Г.Сүрэн