НӨАТ-ын буцаалтыг хоёрдугаар сард багтаан олгоно
2020-01-21
Гэрэл зургийг MPA.mn

 

НӨАТ-ын тухай шинэ хууль 2016 нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр иргэн, аж ахуйн нэгж худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авч, сард хоёр удаа сугалаанд оролцох боломжтой болсон. Мөн иргэн бүр худалдан авалтынхаа үнийн дүнгийн 20 хүртэл хувийг буцаан авч, татвар төлснийхөө урамшуулалд сугалаагаар мөнгө хожих боломжийг хуульчилсан юм.

 

2019 оны НӨАТ-ын баримт бүртгүүлэх хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 8-наар тасалбар болон хаагдсан. Улмаар иргэдийн дунд НӨАТ-ын буцаан олголт хэзээ хийгдэх вэ гэдэг хүлээлт үүсээд байна. Энэ талаар Татварын ерөнхий газраас тодруулахад "НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр улиралд олгоно гэж журамд заасан байдаг. Гэхдээ ирэх хоёрдугаар сард багтаан олгохоор ажиллаж байгаа" гэлээ.

 

Татварын алба иргэдээс ирсэн материалуудыг хянаж, шалгаад буцаан олголт авах иргэдийн нэрсийн жагсаалтыг Төрийн санд хүргүүлнэ. Төрийн сан банкууд руу иргэдийн мэдээллийг явуулж, нэр данс нь зөрсөн эсэхийг шалгуулах ажил хийгдэж дууссаны дараа иргэдийн дансанд мөнгө нь орж эхэлдэг.

 

Өнгөрөгч 2018 оны хувьд нэгдүгээр сарын 31-ний өдрөөс НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн бөгөөд нийт 820 мянган иргэнд 120 гаруй тэрбум төгрөгийн буцаалт олгосон байдаг. Харин 2017 онд 630 мянган хүнд нийтдээ 77.8 тэрбум төгрөгний буцаан олголт хийсэн байна. 

 

Харин 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 907,000 иргэнд  139 тэрбум төгрөгийн буцаалт олгох  тооцоолол гарчээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин