Хүүхдүүддээ аарц, чацаргана тогтмол уулгаарай
2020-01-21

 

 

Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж, эмнэлгүүд ачааллаа даахгүй байна. Энэ үеэр Нийслэлийн түргэн тусламжийн төв  ч ачаалалтай ажилладаг.  Хоногт хичнээн дуудлага хүлээж авч байгаа, боловсон хүчин, машин техникийн хүрэлцээ ямар байгаа талаар тус төвийн Статистикийн их эмч Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Ханиад томууны дэгдэлтийн үед хоногт дунджаар хичнээн дуудлага хүлээн авдаг вэ?

 

 -Сүүлийн мэдээллээр нийслэлийн түргэн тусламжийн төв нь 24 цагт дунджаар 5532 дуудлагыг хүлээн авсан байна.Үүнээс 1138-д нь бодит дуудлага буюу гэрийн хаягийн дагуу хүрч очсон.4394 дуудлага нь зөвлөгөө авах болон дуудлага очиж амжаагүй давхардсан тоо баримт юм.Нийт 6 дүүрэгт үзүүлсэн 1138 дуудлаганаас 500 орчим нь бага насны хүүхэдтэй холбоотой дуудлага ирсэн байна. 3500-4000 хүртэл дуудлага нь ажлын цаг тарахаас эхлэн 17:00-02:00 хооронд холбогдсон байна.

 

-Өмнөх оныхтой харьцуулахад энэ онд томууны хандалт хэр буурсан бэ?

 

-Нийт дуудлагын 30-40 хувийг ханиад томууны дуудлага эзэлж байна. Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлтийг харуулж байгаа юм. Ханиадны эсрэг дуудлагын 48,5 хувийг хүүхэд, 8 хувийг том хүн 43,5 хувийг ахмад настангууд эзэлж байна.

 

-Тал хувийг нь хүүхдүүд эзэлж байна.Тэгвэл эцэг эхчүүд ханиаднаас хүүхдээ урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

 

-Өвлийн нөхцөлд ихэвчлэн 0-5 насныхан ханиад томуу хүрч дуудлага өгөх нь давамгайлдаг.Тиймээс бага насны хүүхэдтэй хүмүүс хүүхдээ дулаан хувцаслах , маск зүүлгэх аарц ,чацаргана тогтмол уулгаж байх нь зүйтэй.

 

-Машин техник, боловсон хүчний хувьд хүрэлцээ хэр вэ?

 

 -Манай Түргэн тусламжийн төв нь Хан-Уул , Сонгинохайрхан , Баянзүрх , Чингэлтэй төв гэсэн 5 салбарт зэрэг үйл ажиллагааг 365 хоногийн турш тасралтгүй 24 цагаар эмч,сувилагч,жолооч , авто бааз гэсэн хүний нөөцтэйгээр бүгд 130 орчим хүн ажиллаж байна.Хоногт 45 машин 45 эмч 24/48-гэсэн ажлын хуваарьтайгаар ажилладаг. Яаралтай дуудлага болох төрөх,ухаангүй болох,хөлдөлт,түлэгдэлт зэрэг тохиолдлуудад 20 минутын дотор үйлчилж энгийн дуудлагуудад 40 хүртэлх минутыг зарцуулдаг. Цөөнгүй тохиолдолд хот төлөвлөлт эмх замбараагүй учраас дуудлага хүлээгдэх үе ч бас гарна.Нэг иргэнд хүрч очих хугацаа 20-40 минут тул зарим хүмүүс утас нь дуудаад авахгүй унтарсан тохиолдолд ар араасаа цуврах дараагийн дуудлага руугаа явах явахаас өөр сонголт байдаггүй.

Л.Бүжинлхам

 

Shuud.mn
Сонин хачин