БНХАУ-д шинэ төрлийн титэм вирусийн тархалт эрчимжиж байна
2020-01-22

 

Өнгөрсөн сарын сүүлээр Хятадын Ухань хотод илэрсэн шинэ төрлийн титэм вирусийн тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг хэвлэлүүд мэдээлж байна. 

 

БНХАУ-ын Төв телевизийн мэдээлснээр, Хятадад дээрх төрлийн вирусээр халдварласан хүний тоо 324-д хүрсэн гэнэ.  Өвчилсөн хүмүүсийн 270 нь анх вирус дэгдсэн Ухань хот орших Хубэй мужид бүртгэгджээ. Харин бусад тохиолдлууд нь Хятадын нийт 14 бүсэд бүртгэгдсэн байна.

 

Өвчлөл ийнхүү эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор Ухань хотын эрүүл мэндийн газар шинэ төрлийн титэм вирусээр өвдсөн хүмүүст зориулсан тусгай эмнэлгүүдэд 800 ор бэлдсэн бол дахин 1200 орыг яаралтай бэлтгэхээр төлөвлөжээ.

 

Хятадад дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлт хүн төрөлхтөнд аюул учруулж болзошгүй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр анх үл мэдэгдэх өвчин гарсан талаар Хятадын Засгийн газар ДЭМБ-д мэдээлж байлаа. Улмаар энэхүү үл мэдэгдэх өвчний өдөөгч нь 2019-nCoV гэх шинэ төрлийн титэм вирус болох нь тогтоогдож байв.

 

Титэм вирус гэдэг нь хүн, амьтны амьсгалын зам, хоол боловсруулах зам, мэдрэлийн системийг гэмтээх чадвартай эмгэг төрүүлэгч юм. Хятадад дэгдсэн шинэ төрлийн титэм вирус нь хүнээс хүнд халдварладаг бөгөөд энэ улсад баярын өдрүүд ирж, хүмүүсийн зорчих хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор вирус эрчимтэй тархаж, олон хүн өвчлөх магадлалтай гэж мэргэжилтнүүд анхааруулжээ.

 

 

Титэм вирусийн тархалттай холбоотойгоор ДЭМБ шуурхай хуралдаан зарлав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үр хүүхдүүдээ хайрлая хамгаалъя
2020-01-31