Шинэ төрлийн аюул тив алгасан тархаж байна
2020-01-23

 

Хятадад тархсан шинэ төрлийн титэм вирусийн тархалт дэлхий дахиныг түгшээж байна. Амьсгалын замыг өвчлүүлж, хүнээс хүнд халддаг нь тогтоогдсон энэ шинэ төрлийн вирусийн улмаас хэдийнэ есөн хүн амиа алдаж, 500 орчим хүн халдвар авчээ. 

 

Сүүлийн хоёр өдөр гэхэд л вирусийн тохиолдол 139 бүртгэгдэж, энэ аюул тив алгасан, АНУ-д ч бүртгэгдсэн байна. Бээжинд өвчлөлийн дахин хоёр тохиолдол, Хонконгтой хиллэдэг Шэнжэнь хотод нэг тохиолдол бүртгэгджээ. 

 

Өвчлөл эрс нэмэгдэж байгаагийн улмаас тахал улам өргөн цар хүрээг хамарч болзошгүй гэж Хятадын эрх баригчид эмээж байгаа юм. Хятад улс нэгдүгээр сарын 24-ны өдөр дорны хуанлиар шинэ оноо угтах бөгөөд энэ баяраар олон сая иргэн төрөл төрөгсөд дээрээ очиж хамт баяр тэмдэглэхийн тулд өөр хот, бүсүүдийг зорьдог. Ингэснээр зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж, үүнийг дагаад халдварын тархалтын цар хүрээ улам тэлж болзошгүй гэж мэргэжилтнүүд анхааруулж байгаа юм. 

 

Өмнө нь бага судлагдсан энэ вирусийн анхны тохиолдол Ухань хотын далайн бүтээгдэхүүний бөөний худалдааны захтай холботой гэж Хятадын эрх баригчид мэдэгдсэн. Зах дээр худалдаалагдаж байсан далайн сүүн тэжээлтнүүд вирус тээгч байсан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн энэ зах дээр тахиа, сарьсан багваахай, туулай, могой зардаг бөгөөд эдгээр нь ч вирусийн эх үүсвэр болсон эсэхийг судлах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.

 

Өмнөд Солонгост нэг, Тайландад хоёр, Японд нэг бүртгэгдсэн энэ вирусийн өвчлөлийн анхны тохиолдол АНУ-д бүртгэгдсэнийг лхагва гаригт албан ёсоор мэдээлсэн юм. Энэ вирусийн халдвар тээсэн өвчтөн нэгдүгээр сарын 15-ны өдөр Ухань хотоос АНУ руу буцаж очжээ. Тэрбээр Вашингтон мужид эмнэлгийн тусламж авсан бөгөөд нэгдүгээр сарын 20-ны өдөр шинжилгээний хариугаар шинэ төрлийн титэм вирус гэдэг нь батлагджээ. 

 

Ийнхүү хурдацтай тархаж буй шинэ төрлийн вирус нь 2000-аад оны эхээр ихэвчлэн Азийн орнууд гээд олон орныг хамарсан SARS тахалтай адилаар дэлхий нийтийг түгшээж байна. Шинэ төрлийн вирусийн ДНК шинжилгээ хийхэд SARS вирусийн төрлийнх гэдэг нь тогтоогдсон.

 

Мөн энэ төрлийн вирусээр халдварласан хүмүүсийн тухай албан мэдээлэлд халдвар авсан бүх хүнийг оролцуулаагүй байх магадлалтай бөгөөд бодит тоо хэдийнэ 1700-д хүрсэн байж болзошгүй гэж Британийн шинжээчид үзэж байна. 

 

Шинэ төрлийн вирусийн талаар

 

  • 2019-nCoV вирус нь өнөөг хэр нь хүнээс хүнд дамжиж байгаагүй. 
  • Титэм вирус гэдэг нь 38 төрлийн вирус агуулдаг, эндээс ердөө зургаа нь /шинэ төрлийг оролцуулаад 7/ хүнд халдварладаг байна. 
  • Шинэ төрлийн вирус амьтнаас хүнд халдсан гэж судлаачид үзэж байгаа бөгөөд гэхдээ хүнээс хүнд халддаг нь тогтоогдсон. 
  • Вирусийн халдвар авсан үед өндөр халуурах, ханиах, амьсгалахад хүндрэлтэй болох зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг. 
  • ДЭМБ хүмүүсийг амьтнаас хол байж шүүрхий чанасан эсвэл шүүрхий шарсан мах, өндөг идэхгүй байх, ханиад, томуугийн шинж тэмдэгтэй хүнээс холл байхыг зөвлөжээ. 

 

БНХАУ ямар арга хэмжээ авч байгаа вэ? 

 

Хятадын Эрүүл мэндийн улсын хороо  ням гаригт мэдэгдэл хийхдээ вирусийн тархалтыг хяналтанд авах боломжтой гэж мэдэгдсэн ч вирусийн гарал, хэрхэн дамждаг болон мутацад ордог нь тодорхойгүй учраас нөхцөл байдлын мониторингийг цаашид хийх шаардлагатай гэдгийг онцолсон юм.

 

Улмаар, шинэ вирустэй тэмцэх мэргэжилтнүүдийн хэсгийн ахлагч Чжун Наньшань даваа гаригт мэдэгдэл хийхдээ вирус хүнээс хүнд дамжиж байгааг баталсан юм. Өвчтнүүдтэй ажиллаж байсан эмнэлгийн ажилтнууд вирусийн халдвар авсан нь ийнхүү хүнээс хүнд дамждагийг баталсан байна. 

 

Энэ баасан гаригт Хятадад дорны хуанлиар шинэ он угтах баярын долоо хоног эхэлнэ. Энэ үеэр төрөл төрөгсдөө зорьсон иргэдийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэхийн хэрээр халдварын тархалтыг Хятадын эрх баригчид тогтоон барих аргагүй болно.

 

Мөн өвчлөл анх гарсан Ухань хот Хятадын гол тээврийн зангилаануудын нэг юм. Тиймээс өвчний тархалтыг хязгаарлах үүднээс нисэх буудал, төмөр замын болон авто тээврийн буудлууд дээр зорчигчдын халууныг хэмжих төхөөрөмж суурилуулсан байна. Ингээд өндөр халуунтай хүмүүст хамгаалалтын маск өгч, эмнэлэг рүү илгээж байгаа гэнэ.Энэ илрүүлэх төхөөрөмжөөр хотоос гарч буй бүх хүн дамжин өнгөрч байгаа гэдгийг Хятадын эрх баригчид онцолжээ. 

 

Түүнчлэн өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 23-ны өдрийн  10.00 цагаас эхлэн шинэ вирусийн голомт болсон Ухань хотын бүх тээврийн сүлжээг хааж, нутгийн оршин суугчдыг  онц шаардлагагүй бол хотоос гарахгүй байхыг сануулсан байна. Ингэснээр вирусийн тархалтыг хязгаарлах боломжтой гэж найдаж байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сүх далайтал Үхэр амар доо ороод ирцэнийх нь дараа бөөн ю болноь гол нь далимдуулж мөнгө цохих гээл албаар орж ирэхийг нь ЭМЯ хүлээж байгаан
2020-01-23
hilee haagaachee
2020-01-23
Жинхэнэ аюул ойртлоо доо үхэр Монголчууд минь
2020-01-23