Г.Батхүү агсны гэр бүлийнхэн УИХ дахь МАН-ын бүлэгт нээлттэй захидал хүргүүлжээ
2020-01-22

 

УИХ-ын дэд дарга агсан Г.Батхүүгийн амь насаа алдсан асуудлаар өнөөдөр түүний гэр бүлийнхэн хэвлэлийн бага хурал хийж, гаднын нөлөөтэй нас барсныг онцолсон. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаачийн тархины цус харвалт өвчнийх биш гэмтлийнх гэдэг нь тогтоогджээ. Мөн талийгаачийн хүзүүнд нь улайсалт үүссэн байсан, хэргийг шалгах явцад хохирогчийн ар гэрийнхэн рүү нэр бүхий этгээд мессеж бичсэн. "Би үзсэн, харсан. 13 секундийн бичлэг байгаа" гэж зэргийг мэдээлсэн юм. Г.Батхүү агсний гэр бүлийнхэн УИХ дахь МАН-ын бүлгийн нийт гишүүд, бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарт хандан нээлттэй захидал хүргүүлжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

УИХ ДАХЬ МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛГИЙН НИЙТ ГИШҮҮД, БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭН ТАНАА

 

Нээлттэй захидал

 

Монгол Улсын Их Хурлын 2016 оны сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээж, ялалт байгуулан, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Та бүхэн ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулах, улс орноо хөгжүүлэх бодлогыг амжилттай тодорхойлж, олон жил шийдвэрлэж чадахгүй байсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, уул уурхайн баялгийг эзэд болох ард түмэнд илүү хүртээмжтэй болгох, өндөр настан, ахмадуудын тэтгэвэрийн зээлийг тэглэх зэрэг олон асуудлыг зоригтойгоор, цаг хугацаа алдалгүй, богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэж байгаа нь ард иргэд бидний талархлыг зүй ёсоор хүлээж байгаа билээ.

 

Эдгээр үр өгөөжтэй, хөгжлийн хувьд асар их ач холбогдолтой Та бүхний батлан гаргасан бодлогын олон шийдэл, санаачилгыг өндөр үнэлэхээс илүүтэйгээр Та бүхний нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө тэмцэж буй хичээл зүтгэлийг эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэдэг Монголын ард түмэн онцгойлон талархан дэмжиж, хууль шүүхийн өмнө иргэн бүр албан тушаал, хөрөнгө орлогын хэмжээнээс үл шалтгаалан ижил тэгш эрхтэй байх жишгийг нийгэмд тогтоон төлөвшүүлж буйг дэмжиж, Та бүхнийг шударга ёсны үлгэр жишээ байх ёстой хэмээн итгэл найдвар тавин харж байна. Хууль зөрчиж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хөрөнгө мөнгөтэй хүмүүс нь хууль, шүүхийн асуудлыг мөнгөөр шийдвэрлэдэг, намын томилгоотой нь намаараа хамгаалуулдаг, хууль хүчний байгууллагынхан бие биендээ найр тавин өөрсдийгөө хамгаалан, асуудлыг шийддэг тэр цаг үе дуусгавар болж байна гэдгийг сүүлийн жилүүдэд энгийн иргэд бид амьдрал дээрээ мэдэрч, шударга ёсыг тогтоох үйлсэд Та бүхний манлайлал дор нэгдэн, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө итгэл төгс урагшлан тэмцэж байна.

 

Нийгмийн шударга ёсыг тогтоох аливаа тэмцэл үе шат бүхэндээ эсэргүүцэл, сорилттой тулгарч, даван туулж ирснийг бидний монголчуудын түүх бэлхэнээ гэрчилнэ. Сонгогч бидний итгэлийг авч, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон эрхэм төрийн түшээд маань гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй олон тохиолдолд албан тушаалын халдашгүй байдлаараа халхавч хийн, хууль хүчний байгууллагуудын мөрдөн шалгах үйл ажиллагаанд ноцтой саад учруулж, хэргийг удаашруулж, улмаар мөрдөн шалгах боломжгүй болгох, хуулийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгах, хэргийг хэрэгсэхгүй болгох талаар албан тушаал, эрх мэдлийн байдлаа ашиглан нөлөөлөх зэрэг оролдлого нь иргэдийн төрдөө итгэх итгэлийг хөсөрдүүлж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх төрт ёсны суурь зарчмыг уландаа гишгэж, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг өмнө нь хэзээ ч байгаагүйгээр унагаж байна.

 

Төрийн эрх барих дээд байгууллагад ажиллаж байгаа гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй эрх баригч намын гишүүд нь сайн дураараа албан тушаалын халдашгүй байдлаасаа татгалзаж эсхүл хуулийн дагуу албан тушаалын халдашгүй байдлыг нь түдгэлзүүлж, жирийн иргэдийн адил хууль, шүүхийн өмнө ижил тэгш байлгаж, хуулийн байгууллага шалгаж үнэн мөнийг цаг тухайд нь тодорхойлж байж сая шударга ёс тогтож, сайн сайхан цаг ирэх учиртай. Монгол Ардын Намаас нэр дэвшиж, УИХ-ийн гишүүнээр сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Н.Номтойбаярт нь 3 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, УИХын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокуророос УИХ-д 2020 оны 1 дүгээр сарын 16-нд хүргүүлсэн байна. Үүний дагуу УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж эхэлсэн боловч ирц бүрэлдээгүй гэх шалтгаанаар түр завсарласан талаар хэвлэлд мэдээлжээ.

 

Н.Номтойбаярын бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр гаргасан 3 зүйл ангийн нэг нь бидний хайрт хүү, нөхөр, аав, ах Г.Батхүү агсны талаар худал мэдүүлэг өгсөнтэй холбоотой болохыг Н.Номтойбаярын хийсэн хэвлэлд өгсөн ярилцлагаас олж мэдлээ. Бидний хайрт хүн Г.Батхүү агсан Төрийн ордонд учир битүүлгээр амь эрсдэхэд хамгийн сүүлд уулзсан хүн нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр байсан бөгөөд энэ талаараа ч тухайн үедээ өөрөө хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэж байсан.

 

Монгол төрийн төлөө зүтгэж явсан эрдэнэт хүний амь нас Төрийн ордонд учир битүүлгээр үрэгдээд даруй 8 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд хэргийн учиг тайлагдаж, үнэн мөнөөр шийдэгдэх болов уу хэмээн үрээ алдсан өндөр настай эцэг эх, нөхрөө алдсан авааль гэргий, ааваасаа өнчирч үлдсэн 4 хүүхэд, ахыгаа алдсан дүү нар нь төрийн болон хууль хүчний байгууллагад итгэж, горьдлого тээсээр өдийг хүрлээ. Хууль хүчний байгууллага уг хэргийг богино хугацаанд үнэн зөвөөр шийдвэрлэхэд саад болж буй УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхэд эрх баригч МАН манлайлан, удирдан чиглүүлж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх нөхцөлийг хангаж, шударга ёсоор цангасан ард иргэдийнхээ хүсэл зоригт нийцсэн шийдвэр гаргахыг хичээнгүйлэн хүсч байна.

 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хийсэн олон удаагийн танхайн сэдэлтэй гэмт үйлдлүүд, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгийг шамшигдуулсан болон түүнийгээ мөнгөөр шийдэж, хэрэгсэхгүй болгосон талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр сүүлийн жилүүдэд тасралтгүй гарч, олон түмний жигшил, дургүйцлийг ихээр хүргэж байсан. Түүний хамгийн сүүлийн хүний эрх чөлөөнд халдаж, танхайрч буй зодооны бичлэг нийгмийн сүлжээгээр тарж, түүнийг номхруулах, шударга шийтгэл оногдуулах төр, хууль, хүчний байгууллага байхгүй юм байна гэдэг ойлголт олон түмний дунд түгэж, зөвхөн хувь хүнийх нь хувьд биш, эрх барьж буй МАН, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэл алдаж харуусах, эсэргүүцэн тэмцэх уур амьсгал ард орны дунд давамгайлж эхлэх бодит аюул байна.

 

Алдсан хүн арван тамтай гэдэг. Хайрт хүнээ алдсан бидэнд газар хатуу, тэнгэр хол байна. Бид зөвхөн үнэн зөв, шударга ёсыг л хүсч байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь зөвхөн эрх баригч намын дотор шударга ёсыг тогтоох төдий бус Монголын нийгэмд шударга ёсыг тогтоох хамгийн эгзэгтэй сорилт шалгуур болох юм. Эрх баригч МАН Монголын ард түмнийхээ талд байж, хатуу хэцүүг туулж, шударга ёсыг тогтоож чадна гэдэгт гүнээ итгэж байна.

 

Талийгаач Гаваагийн Батхүү агсны эцэг эх, эхнэр, үр хүүхдүүд, дүү нар нь

2020 оны 1 дүгээр сарын 22

Shuud.mn
Сонин хачин
irgen:
MAN arai dendyy bainaa…iim tord irged itgeh arga baihgui, er ni ene tord eldev arga zamaar orj yaj olson ni medegdehgui horongooroo tyryy barij ard tymniig deerelhdeg asuudliig hezee zogsooh ve ? Mongolin tor hezee jinhen shudarga ajillaj ehöeh ve ?? ene toriinhon lav yuch hiihgui songuuliar yadaj zeverleh heregtei ed nariig tegeed ter shyyh zagdaagaaraa yavzgaana biz arai heterhii umaa ordond hyn alchihaad l zygeer baij baidag uls bolloo doo …….
2020-01-23
irgen:
MAN arai dendyy bainaa…iim tord irged itgeh arga baihgui, er ni ene tord eldev arga zamaar orj yaj olson ni medegdehgui horongooroo tyryy barij ard tymniig deerelhdeg asuudliig hezee zogsooh ve ? Mongolin tor hezee jinhen shudarga ajillaj ehöeh ve ?? ene toriinhon lav yuch hiihgui songuuliar yadaj zeverleh heregtei ed nariig tegeed ter shyyh zagdaagaaraa yavzgaana biz arai heterhii umaa ordond hyn alchihaad l zygeer baij baidag uls bolloo doo …….
2020-01-23
Huz:
Ta nar nomtoibayariig ondroos shidej chadahgui Bol gonginood l suudaa
2020-01-23
Д.Ганхуяг:
Энэ бол зөвхөн Батхүүгийн гэхээсээ нийт ард иргэдийн л санал сэтгэгдлийн илэрхийлэл байна шүү дээ. Шудрага ёс тогтоохыг ард иргэд хүсч байна. Шудрага ёсыг төр тогтоохгүй бол ард иргэд өөрсдөө санаачилж магадгүй юм. Тэгвэл зогсоохын аргагүй хямрал нүүрлэх вий дээ.
2020-01-22
zochin:
Nomtoibayr alsan Tegehdee jiriin ard baisan bol ilrehgui baih baisan . Bathuugiin ar tal shuu dee
2020-01-22