Хоёр бөх алтан медалийн төлөө барилдахаар болов
2020-01-24

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр Красноярск хотод боллоо. 31 дэх удаагийн уламжлалт тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг, 61 кг, 70 кг, эмэгтэйчүүдийн 50 кг, 55 кг, 59 кг, 65 кг-ийн жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо.

 

Манай улсаас эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ц.Намуунцэцэг, 59 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор нар алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ц.Намуунцэцэг хагас шигшээд эзэн орны А.Ветошкинаг, Б.Шоовдор Казахстаны М.Бакбергеноваг тус бүр оноогоор цэвэр ялав.

 

Түүнчлэн эрэгтэйчүүдийн 57 кг-д З.Занабазар, 61 кг-д Э.Төгсжаргал, 70 кг-д Л.Батбаяр, О.Ганбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Э.Даваачимэг нар өнөөдөр мөн дагаж барилдана.

М.Бүүвэй

 

 

 

Shuud.mn
Сонин хачин