Монгол Улсын гурван сая дахь иргэн 5 нас хүрлээ
2020-01-24

 

Монгол Улсын гурван сая дахь иргэн 5 нас хүрлээ. Тодруулбал, 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ.



Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийнхэн Монгол Улсын 3 сая дахь иргэний мэндэлсэн өдрийг хамт тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэр Х.Монголжин “Өнөөдөр би 5 нас хүрч байна. Би өөрийгөө 3 сая дахь иргэн гэдгийг мэддэг. Төрсөн өдрөөр маань зөндөө олон хүн ирж бэлэг өгдөг. Бэлэг өгсөн ах эгч нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


Монгол Улсын 3 сая дахь иргэний нас чацуутан 180 иргэн байдаг бөгөөд 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2020 онд 5 нас хүрэх 79907 хүүхэд байна. Үүнээс эрэгтэй 40917, эмэгтэй 38990 хүүхэд байгаа юм.


Сонирхуулахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сард төрсөн. 1988 онд мэндэлсэн 2 сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол 3 сая дахь иргэний ээжийг мөн л Аззаяа гэдэг юм байна.

Shuud.mn
Сонин хачин
Үнэн үг:
Аз жаргал, эрүүл энхийг хүсье. Араасаа олон олон дүү дагуулаарай. Монголын үрс маш олон болтугай.
2020-01-24