Грэмми ёслол дээр Коби Брайантын дурсгалыг хүндэтгэв
2020-01-27

 

 

Лос-Анжелес хотноо дэлхийн хамгийн нэр хүнд бүхий  Grammy хөгжмийн шагнал гардуулах 62 дахь удаагийн ёслол болж байна. Энэ ёслолын арга хэмжээ нэгдүгээр сарын 26-ны өдөр нисдэг тэрэгний сүйрлийн улмаас амиа алдсан нэрт тамирчин Коби Брайантын дурсгалыг хүндэтгэн нэг минут дуугаа хурааснаар эхэлжээ. 

 

"Коби Брайант, түүний охин болон ослоор амиа алдсан бүх хүмүүс бидний сэтгэл зүрхэнд хоногшин үлдэнэ. Бүх хүн тэднийг эргэн дурсаж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд энэ эмгэнэлт үйл явдлыг даван туулахад дэмжлэг, хүч өгөхийг би уриалж байна" хэмээн шагнал гардуулах ёслолын тайзан дээрээс хөтлөгч Алиша Кис өгүүлжээ.

 

Тэрбээр үг хэлж, нэг минут дуугаа хураасныхаа дараа It’s So Hard To Say Goodbye To Yesterday буюу "Өчигдөрт үүрд баяртай гэж хэлэхэд хүнд" хэмээх дуу дуулсан байна.

 

Грэмми ёслолын ажиллагаа Брайант 20 улирал тоглосон "Лос-Анжелес Лейкерс" клуб тоглодог Лос-Анжелес дахь Staples Center төвд болж байгаа юм. Тиймдээ ч "Брайантын бүтээсэн ордонд элэг эмтрэн зогсож байна" хэмээн Алиша Кис өгүүлжээ. 

 

Эргэн сануулахад, нэгдүгээр сарын 26-ны өдөр НБА-ийн таван удаагийн аварга Коби Брайант хувийн нисдэг тэргээрээ зорчиж яваад осолдсон юм. Энэ ослын улмаас есөн хүн амиа алдсан бөгөөд аврагчид дуудлагын дагуу газар дээр нь шуурхай очсон ч ослоос амьд хүн гараагүй. Ослын улмаас Брайантын охин 13 настай Жианна ч мөн амиа алджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин