УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 24-нд явуулахыг дэмжив
2020-01-28

Гэрэл зургийг MPA.mn

 

Санал тоолох автоматмашинийг ТЕГ-ын төрийн тусгай хамгаалалт 24 цагийн хамгаалалтад байлгадаг

12:50 цаг:

 

Төрийн  байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Энэ техник хэрэгслийг хэдэн сонгуульд ашигласан бэ. Олон мандаттай тойргоор явуулж байгаа. Үүнийг тоолох программчлалыг яаж хийсэн бэ. Хэл амгүй тоолох механизм байгаа юу?

 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: 

 

-2012 оноос хойш автомат системийг ашигласан. УИХ-ын, орон нутгийн, Ерөнхийлөгчийг тус бүр хоёр удаагийн, нийтдээ 6 удаагийн сонгуульд ашигласан. Дээрээс нь нөхөн сонгуульд ашигласан. Автомат машины аюулгүй байдлыг ТЕГ, МХХЗГ-ын Мэдээлэл технологийн газрын хамтарсан ажлын хэсэг гардаг. Техникийн хувьд аттестатчилалд оруулсан. Энэ удаагийн сонгуульд ашиглаж болох техникүүдээ ашиглана. Программыг СЕХ-ны Мэдээлэл технологийн инженерүүд хийдэг. Саналын хуудасны  файл үүсгэдэг. Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалт тодорхой болсны дараа файл үүсгэдэг. ТЕГ-ын хяналт дор хийдэг. ТЕГ-ын төрийн тусгай хамгаалалт 24 цагийн хамгаалалтад байлгадаг. 

 

Ийнхүү “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжлээ.

 

УИХ-ын сонгуулийн санал хураалтыг зургадугаар сарын 24-нд явуулахыг дэмжив

 

 

 

12:30 цаг:

 

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Дараагаар нь“Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

 

Хуулиараа хоёрдугаар сарын нэгний өдрөөс өмнө товлон зарладаг заалттай. Ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны зургадугаар сарын 24-ний өдрийн лхагва гаригт байхаар товложээ.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, үг хэлэх гишүүн байсангүй. Байнгын хорооны гишүүд дээрх саналыг дэмжсэн юм. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин