Монгол Улсын хүлэмжийн хий нэг хүнд оногдох хэмжээгээр хоёр хөршийнхөөс өндөр
2020-01-28

 

 

“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”  тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлч, олон нийтэд мэдлэг,мэдээлэл өгөх цуврал уулзалтаа өнөөдөр эхэллээ. Эхний уулзалтад НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал оролцож, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөг бууруулах гарц, арга замын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Тогтвортой хөгжлийн гол агуулга нь өнөөдөр хүмүүс ирээдүйд амьдрах хүмүүсийнхээ амьдралын ундарга болсон байгалийн баялгийг шавхахгүй, байгаль орчноо бохирдуулахгүйгээр өвлүүлэн үлдээх ёстой гэсэн санаа юм. Хэрэв хөгжиж буй улс орнууд хөгжлийнхөө төвшингөөр бусад хөгжсөн улсын, тухайлбал Америкийн төвшинд очтлоо байгалийн баялгаа ашигласаар байвал манай дэлхий дээр нэмээд дахиад хоёр ч дэлхий хэрэгтэй болно” гэлээ.

 

Мөн “амьдралын тулгуур гурван хэрэгцээ нь идэх хоол, өмсөх хувцас, толгой хорогдох орон байр. Үүн дээр оюун санааны хэрэгцээ нэмэгддэг. Энэ хэрэгцээг Монгол улс үндсэндээ төлждөг, эргэн сэргэдэг нөөцөөрөө хангах боломжтой.   Харин зөвхөн хөгжлийн хоцрогдлоо нөхөх, зарим нэг салбараа түлхүү хөгжүүлэх, дэд бүтэц, замаа барихдаа эрдэс баялгийн нөөцөө ашиглах гэх байдлаар хөгжвөл Монгол улсын хувьд тогтвортой хөгжил болно” гэлээ.   

 

Монгол Улсын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод үйлдвэр, хэрэглээний зохистой харьцаа, цэвэр эргэлттэй эдийн засаг, хаягдалгүй технологи гэсэн том зорилтууд бий. Эдгээр нь бүгд монголын уламжлалт ахуйд байдаг гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал мэдэгдсэн юм.   

 

Мэргэжилтнүүдийн судалгаагаар манай улсын хүлэмжийн хийн ялгарлын 40 хувийг эрчим хүчний үйлдвэрлэл, мөн адил хувийг мал аж ахуй гаргаж байна.  Тухайлбал мал хивэхэд амьсгалаараа болон ялгадсаараа их хэмжээний метан хий ялгаруулдаг гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч Ж.Батжаргал тайлбарлалаа.  

 

Манай улсын ялгаруулдаг хүлэмжийн хий нь хэдийгээр бага боловч нэг хүнд, нэг бүтээгдэхүүнд оногдож байгаа хувиараа хоёр хөршөөсөө, мөн дэлхийн бусад улс орноос  өндөр байдаг байна. Тиймээс хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр ямар нэгэн үйлдэл хийхээс өөр аргагүй гэж мэргэжилтнүүд сануулдаг. . Хүлэмжийн хийг бууруулах бас нэг аргыг ургамлын нөмрөгийг нэмэгдүүлэх гэж үзэж байна. Ойн түймрийг багасгаж, хууль бус мод бэлтгэлийг бууруулж, монгол орны ургамлын  нөмрөгийг нэмэгдүүлбэл хүлэмжийн хийг шингээж чадна. Ингэснээр агаар мандалд ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг гуравны нэгээр буюу 33 хувь хүртэл бууруулах боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг байна.

 

“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”  дараагийн уулзалт сургалтаа удахгүй зарлах юм байна.

Shuud.mn
Сонин хачин
Зоозоо:
Удахгүй малаа багасга гэх нь дээ
2020-01-28