ТИТЭМ ВИРУС: БНХАУ-д амиа алдсан хүний тоо 361, эдгэрсэн хүний тоо 475 болжээ
2020-02-03

 

БНХАУ-д 2019-nCoV вирусээр үүсгэгдсэн өвчний улмаас 361 хүн амиа алдаж, халдвар авсан хүний тоо 17 205-д хүрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн улсын хороо даваа гаригт мэдэгдлээ. 

 

"Хоёрдугаар сарын хоёрны 00:00 цагийн байдлаар Хятадад титэм вирусээр халдварласан нь батлагдсан тохиолдол 17 205-д хүрч, 2296 хүний биеийн байдал хүнд, амиа алдсан хүний тоо 361-д хүрсэн. Өвчин нь бүрэн эдгэрсэн 475 хүн эмнэлгээс гарсан. Нийтдээ халдварын сэжигтэй 21 558 тохиолдол байгаа " гэж Эрүүл мэндийн улсын хороо мэдэгджээ.

 

Тус хорооны мэдэгдэлд өгүүлснээр, ням гаригт гэхэд л Хятадад халдварын 2829 тохиолдол шинээр бүртгэгдэж, 57 хүн нас барсан байна. 

 

"Нийтдээ 189 583 хүн халдвар авсан хүмүүстэй ойрын хавьталтай байсан тэднээс 152 700 нь эмнэлгийн хяналтанд байна" гэж хорооны мэдэгдэлд онцолжээ.

 

Хятадаас өөр газарт нас баралт бүртгэгдэв 

 

Хоёрдугаар сарын нэгний өдөр Хятадаас өөр газарт нас баралт бүртгэгдсэн анхны тохиолдол гарсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн юм. Тодруулбал, шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон Ухань хотоос ирсэн 44 настай эрэгтэй Филиппинд дээрх халдварын улмаас нас баржээ. Тэрбээр Филиппинд шинэ төрлийн титэм вирусийн халдвартай нь батлагдсан хоёр хүн байсны нэг нь байсан гэнэ. 

 

Эргэн сануулахад, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Хятадын Ухань хотод үл мэдэгдэх вирусийн дэгдэлт гарсан талаар анх мэдээлсэн. Улмаар энэ вирус нь  2019-nCoV гэх шинэ төрлийн титэм  вирус болохыг удалгүй тогтоосон юм. 

 

ДЭМБ шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтийг олон улсын хэмжээний онц байдал хэмээн зарласан бөгөөд дэлхийн улс орнуудыг шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авахыг уриалж байв. 

 

Хятадтай хиллэдэг улс орнууд эрсдлийн бүлэгт багтаж байгаа бөгөөд Орос улсад баасан гаригт шинэ төрлийн титэм вирусийн халдварын хоёр тохиолдол илэрсэн юм.

 

Ийнхүү  Орост үхлийн аюултай вирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор  ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустиний зарлигаар Хятадтай хиллэх хилийг хааж, Монгол-Оросын хилээр БНХАУ-ын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосны дээр БНХАУ-ын иргэдэд ажлын виз олгохоо түр зогсоосон.

 

Түүнчлэн, хоёрдугаар сарын нэгнээс Орос улс Хятадтай харилцах агаарын харилцаагаа зогсоосноор одоо зөвхөн "Аэрофлот" компанийн Бээжин, Хонконг, Шанхай, Гуанжоу гэсэн нислэгүүд л үлджээ. Мөн нэмэлт арга хэмжээ болгон Оросын иргэдийг Хятадын зарим мужуудаас нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан байна. 

 

ШУУРХАЙ: Орос-Монголын хилэhttp://www.shuud.mn/a/516406эр БНХАУ-ын иргэдийг нэвтрүүлэхгүй

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин