Ухань: 1000 ортой хээрийн эмнэлгийг 10 хоногт барьж дуусав

img

 

Шинэ төрлийн титэм вирусийн голомт болсон Хятадын Ухань хотод  халдвар авсан өвчтнүүдийг эмчлэх 1000 ортой хээрийн эмнэлэг ашиглалтад орсон талаар Deutche Welle мэдээллээ. Эмнэлэгт 1400 цэргийн эмч ажиллах бөгөөд өвчтнүүдийг өнөөдрөөс буюу хоёрдугаар сарын гуравны даваа гаригаас эхлэн хүлээн авах юм байна. Энэ эмнэлэг нь тус бүс нутагт шуурхай барьж буй түр хугацааны хоёр эмнэлгийн нэг юм. 

 

 

Ухань хотод шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан өвчтнүүдэд зориулсан эмнэлэг барих ажлыг нэгдүгээр сарын 23-ны өдөр эхэлсэн. Барилгын ажлыг гурван ээлжээр зохион байгуулж, 10 хоногт багтаан 1000 ортой эмнэлэг барьж дуусгажээ. 

 

Барилгачдын дунд өмнө нь түргэвчилсэн аргаар барилга барьж байсан туршлагатай хүмүүс ч байжээ. Одоогоос 17 жилийн өмнө Бээжин хотод SARS халдвар дэгдэж байхад мөн энэ аргыг ашиглан эмнэлэг барьж байсан юм. Шуурхай горимоор баригдах хоёр дахь эмнэлэг нь хоёрдугаар сарын зургааны пүрэв гаригт өвчтнүүдээ хүлээн авах аж.

 

 

Барилгын ажил нэгдүгээр сарын 23-ны өдөр зураг дээрх хоосон талбай дээрээс эхэлсэн юм. Барилгын талбай дээрээс Синхуа агентлаг ажлын явцыг шууд дамжуулж байсан нь цахим орчинд олны анхаарлыг ихээхэн татсан юм. 

 

 

Барилгыг угсардаг хийцээр байгуулсан нь маш богино хугацаанд гүйцэтгэх боломж олгожээ. Мөн асар богино хугацаанд Уханьд олон тооны ажилтан, тоног төхөөрөмж, шаардлагатай материалуудыг хүргэсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв. 

 

 

Барилгын хоёр талбайн нэг дээр гэхэд л 3000 гаруй ажилчин ажилласан байна. Хятадын төв телевизийн мэдээлснээр эхний өдрүүдэд ажиллах хүч дутагдаж байсны улмаас барилгачид өдөрт 12 цаг ажиллаж байжээ. Харин одоо гурван ээжлээр ажиллаж байгаа аж.

 

 

Барилгын ажил шөнө өдөргүй, бороо, цастай алинд нь ч үргэлжилжээ. Ажилчид бүгд хамгаалалтын амны хаалт зүүх ёстой. Тэдний биеийн халууныг байнга шалгаж байжээ. Сайтар зохион байгуулсны ачаар барилгын ажлыг асар богино хугацаанд дуусгасан байна. Өмнө нь Бээжин хотод 2003 онд SARS дэгдэх үеэр 1000 ортой эмнэлгийг зургаан өдрийн дотор барьж байв. 

 

Уханьд хээрийн хоёр эмнэлэг байгуулахаар төлөвлөсний нэг нь ийнхүү хоёрдугаар сарын хоёрны өдөр ашиглалтад орсон байна. "Галын бурхны уул" хэмээн нэрлэгдсэн энэ эмнэлэг даваа гаригаас өвчтнүүдийг хүлээн авах бол "Аянга цахилгааны бурхны уул" хэмээн нэрлэгдсэн 1600 ортой хоёр дахь эмнэлэг хоёрдугаар сарын зургааны өдөр ашиглалтад орох аж. 

 

Энд дуулгахад, гадны хэвлэлүүдээр Ухань хотод зургаан өдрийн дотор, 16 цагийн дотор эмнэлэг барьсан талаарх мэдээлэл ихээхэн тархаж байлаа. Үнэндээ энэ нь худал мэдээлэл бөгөөд хэвлэлүүд дээр гарсан зураг нь Ухань хотоос 800 км зайд байх Циндао хотын барилгын зураг аж.

 

 

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

!!!!:
oo za owoo yum getel bid yajshuuhan b na daa
2020-02-03