АНУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэллээ
2020-02-04

Америкийн Айова мужид хоёр намын сонгогчдын кокус буюу цуглаан нээгдсэнээр тус улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэллээ. 

 

Ардчилсан намынхны хувьд эдгээр цуглаанууд нь анхных бөгөөд энэ цугларалтаар нэр дэвшигчдийгсонгох юм. Энэ онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас дэд ерөнхийлөгч асан Жо Байден, сенатчид болох Берни Сандерс, Элизабет Уоррен, Эми Клобушар нар, Сату-Бенд хотын дарга асан Пит Буттижич, Том Стайер болон Эндрю Янг нарын бизнес эрхлэгчид зэрэг нийтдээ 11 хүн нэр дэвшихээр горилж байгаа.

 

Бүгд найрамдахчуудын хувьд өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трамп намын дэмжлэг авсан, түүнтэй өрсөлдөх хүн байхгүй. Тиймээс Айова мужийн цуглаанаар Дональд Трамп нэр дэвших нь нэгэнт шийдэгдсэн асуудал гэж эх сурвалжууд мэдээлж байна.

 

Кокус /caucus/ гэдэг нь намын цуглаан бөгөөд энэ цуглаанаар нээлттэй санал хураалтаар нэр дэвшигчийг сонгодог юм. 

 

Айова мужийн кокус дээр ялснаар тухайн нэр дэвшигч намаасаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэсэн баталгаа болдоггүй. Гэхдээ 2000 оноос хойш  Айова мужид ардчилагчдын кокусын ялагчид л энэ намын нэр дэвшигч болж байсан жишиг бий. 

 

Энд дуулгахад, АНУ-д сонгуулийн өмнө праймериз /далд санал хураалт/ болон кокусуудыг муж бүрт зохион байгуулж, энэ үеэр намаасаа нэр дэвших цорын ганц хүнийг сонгодог уламжлалтай. Эхний праймеризүүд хоёрдугаар сарын 11-нд Нью-Гэмпширт болох юм. Праймериз болон кокусуудын дүнгээр намын үндэсний хэмжээний чуулган зохион байгуулж, нэр дэвшигчээ сонгодог аж. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин