АНУ: Трампыг зөвтгөв
2020-02-06

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын импичментийг зарлах асуудлаар тус улсын сенат хэлэлцээд, Трампыг буруутгасан хоёр үндэслэлийг хэрэгсэхгүй болгон түүнийг зөвтгөжээ. Ингэснээр Трамп шийтгэл хүлээхгүй, мөн Ерөнхийлөгчийн суудлаас буухааргүй болж байгаа юм. 

 

АВС агентлагийн мэдээлснээр сенатчид Трампыг эрх мэдлээ хэтрүүлсэн, конгресст саад болсон гэж буруутгасан асуудал дээр түүнийг "буруугүй" хэмээн санал өгснөөр импичмент зарлах ажиллагаа дуусгавар болсон байна. 

 

Трампыг олон нийтийн итгэл болон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэмээн буруутгаж байсан юм. Ардчилсан намынхан Трампыг Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнх нь гол өрсөлдөгч болох Жо Байденыг "замаасаа зайлуулах"-ын тулд түүний хүүгийн эсрэг авлигын гэмт хэргийг шалгахтай холбоотойгоор Украинд дарамт шахалт үзүүлсэн хэмээн баталж байв. 

 

Харин Трамп сонгогдсон нам болох Бүгд Найрамдах намынхан Ерөнхийлөгчийг дэмжиж, ардчилсан намынхны буруутгаж байгааг үндэслэлгүй хэмээн үзжээ.

 

Эргэн сануулахад, Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх оны сонгуульд өөрийнх нь хүчтэй өрсөлдөгч байж мэдэх Жо Байденыг "дарж авах"-ын тулд түүний хүүтэй холбоотой хэргийг Украинд мөрдөхөд өмгөөлөгчид туслахыг Украины Ерөнхийлөгч Зеленскийд "даалгасан" тухай шуугиан өнгөрсөн намар гарч, үүнээс үүдэн АНУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах яриа гарч эхлэсэн юм.

 

Улмаар 2019 оны есдүгээр сарын 24-ний өдөр АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Дональд Трампыг огцруулах /импичмент/ ажиллагааг эхлүүлсэн талаар танхимын дарга Нэнси Пелоси мэдэгдэж байв. 

 

"Төлөөлөгчдийн танхим импичментийн ажиллагааны хүрээнд албан ёсны шалгалт эхлүүлж байгааг мэдэгдье. Танхимын зургаан хороонд өөр өөрсдийн шугамаар мөрдлөг шалгалт хийх үүрэг өгч байна" хэмээн Пелоси мэдэгджээ. 

 

Ийнхүү тэрбээр тагнуулын тусгай хороо, гадаад харилцаа, хяналт, засгийн газрын шинэчлэлт, орлого, зарлагын асуудал эрхэлсэн, санхүүгийн асуудал хариуцсан хороод болон хууль зүйн хороонд Трампыг огцруулах асуудалтай холбоотойгоор тус тусын чиглэлээр шалгалт явуулахыг үүрэгдэж байв.

 

"Ерөнхийлөгч хариуцлагад татагдах ёстой, хуулиас дээгүүр хүн гэж үгүй. Ерөнхийлөгчийн хийсэн үйлдэл нь Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг" хэмээн тэрбээр мэдэгдсэн юм. 

 

 

Энд дуулгахад , "импичмент" гэдэг нь АНУ-ын Үндсэн хуульд зааснаар холбооны төрийн албан хаагчид, тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгч "улсаас урвасан, авлига авсан болон бусад хүнд гэмт хэрэг үйлдсэнд буруутай гэдэг нь тогтоогдсон " бол тэднийг албан тушаалаас нь огцруулах замаар хариуцлага тооцох үйл ажиллагаа юм.

 

АНУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах энэ төрлийн ажиллагааг ердөө гуравхан удаа санаачилж байсан бөгөөд тухай бүрт импичмент бүтэлгүйтэж байлаа.

 

Трамп огцрох уу?

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин