ГЕГ: Хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг татвараас чөлөөлж байна
2-7

Дэлхий даяар тархаад байгаа титэм вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр гаалийн байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар ГЕГ-аас мэдээлэл хийлээ.  

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гаалийн ерөнхий газрын статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн “2020 оны эхний нэгдүгээр сарын байдлаар экспорт, импортын хэмжээ буурсан. Нийт 459 мянган сая ам.долларын экспорт хийсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар буурсан үзүүлэлт. Экспортын 95 орчим хувийг БНХАУ эзэлдэг бол импортын 26 хувийг БНХАУ, 40 хувийг ОХУ эзэлдэг.

 

Титэм вирус тархаж буйтай холбоотойгор амны хаалт, ариутгалын бодисын импорт  өссөн. Тодруулбал 2019 оны нэгдүгээр сард нийт 500 мянган амны хаалт импортоор орж ирсэн бол энэ оны нэгдүгээр сард 68 мянга 700 ширхэг, хоёрдугаар сарын байдлаар 1 сая 944 мянган амны хаалт орж иржээ. Амны хаалтыг нийт 15 аж ахуй нэгж 10 гаруй хувь хүн БНСУ, БНХАУ, Турк зэрэг улсаас  импортоор оруулж ирсэн байна. Мөн ариутгал, цэвэрлэгээний бодис өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн" гэлээ.

 

ГЕГ-ын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газрын хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар "Энэ оны нэгдүгээр сард гаалийн байгууллага 79 удаагийн зөрчлийг илрүүлсэн байна. Дээрх зөрчлийн ихэнх нь татвар төлөхөөс зайлсхийх, бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх, гаалийн хууль тогтоомж зөрчсөн бусад зөрчил эзэлсэн. Илэрсэн зөрчлүүдэд нийт 64.7 сая төгрөгийн торгууль ногдуулж 75.8 сая төгрөгийн татварыг нөхөн төлүүлсэн байна" гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Вирустэй холбогдолтойгоор хамаарах зөрчил бүртгэгдээгүй байна. Гаалийн байгууллагаас 2019 онд мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 9 удаагийн үйлдлийг таслан зогсоож, нийт 4.5 кг мансууруулах бодис хураан авч, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Сүүлийн 3 жилийн байдлаар гаалийн байгууллагын хяналт, шалгалтаар илрүүлсэн мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийн тоо 31 байгаа нь цагдаагийн байгууллагаас мөн хугацаанд дээрх зүйлчлэлээр шалгасан 47 удаагийн гэмт хэргийн 66 хувийг эзлэж байна. Энэ үзүүлэлтийг цаашид нэмэгдүүлж, улсын хилээр хууль бусаар мансууруулах бодис нэвтрүүлэхийг бүрэн хэмжээнд таслан зогсоох зорилт тавин ажиллаж байгаа аж.

 

Гаалийн Ерөнхий газрын харъяа гаалийн газар, хороодыг хар тамхи, мансууруулах бодис, тэсрэх бодис илрүүлэх өндөр мэдрэмжтэй хяналт шалгалтын багаж, тоног төхөөрөмжүүдээр бүрэн хангах ажлыг хэрэгжүүлж, холбогдох сургалтуудыг хийж хариуцан ажиллуулах байцаагч нарт нь хүлээлгэн өгч байна. Дээрх ажлын хүрээнд Target ID, TrueNarc, LDS G-Scan зэрэг АНУ, Их Британи, Израйль улсуудад үйлдвэрлэгдсэн төрөл бүрийн хэлбэр, төлөв байдалтай бодист зайнаас болон шууд дээж авалтаар шалгалт хийх хүчин чадалтай нийт 16 ширхэг тоног төхөөрөмжийг хилийн боомт бүхий гаалийн газар, хороодод хүргүүлжээ.

    

Өнөөгийн байдлаар буюу 2020 оны 02 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэрэг, зөрчил гаалийн байгууллагын хэмжээнд бүртгэгдээгүй байна.

 

Тухайлбал: Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа 2020.01.29-ны өдөр 16:45 цагт КЕ868 аялалын дугаартай Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгээр явах зорчигч Монгол улсын иргэн “Н”-ийг улсын хилээр нэвтрэхэд нь гар тээш болох А-4 хэмжээтэй хар саарал өнгийн гар цүнхийг рентген аппаратаар шалгахад тавин зургаан сая вон гаалийн байгууллагад мэдүүлэлгүй улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлсэн байна.

 

Тус гаалийн газрын ЗТХБА-наас зорчигч Монгол Улсын иргэн Н-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.29 дүгээр зүйлийн 22 дэх хэсгийн 22.1-т зааснаар зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ГЕГ-ын эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах байцаагч Г.Энхтайван “БНХАУ-тай хиллэдэг 13 хилийн боомт байдаг. Үүнд:

 

- Түр ажиллагаатай  хоёр талын зэрэглэлтэй Даян, Байтаг, Бургастай, олон улсын зэрэглэлтэй Сүмбэр хилийн боомтууд.

 

- Байнгын ажиллагаатай 2 талын зэрэглэлтэй Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Баянхошуу, Хавирга

 

- Байнгын ажиллагаатай олон улсын зэрэглэлтэй Булган, Замын-Үүд автозам, Замын-Үүд төмөр зам,  Бичигт.

 

Дээрх хилийн боомтууд 2020 оны 1-р сарын 1-ээс цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэ төрлийн корона вирус маш хурдацтай тархаж байгаа явдалд онцгой анхаарал хандуулах зөвлөмж өгсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар монгол, хятадын хилийн боомтуудаар нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл дараах хязгаарлалтыг хийхээр 39 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн. Үүнд:

 

Монгол Улсын иргэд:

 

- БНХАУ-аас ирэх Монгол улсын иргэдийг 2020 оны 2 дугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд автозамын Булган-Такашикен, Баянхошуу-Өвдөг, төмөр замын Замын-Үүд-Эрээний боомт болон агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомтоор, мөн оны 2 дугаар сарын 6-+ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд агаарын замын Буянт-Ухаа боомт болон төмөр замын Замын-Үүд-Эрээний боомтоор олон улсын галт тэргээр тус тус улсын хилээр нэвтрүүлнэ.

 

- Монгол, Хятадын хилийн Даян-Хуншанзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Сүмбэр-Рашаан, Хавирга-Архашаат автозамын боомтуудыг түр хаана.

 

- Агаарын замын Буянт-Ухаа (Чингис хаан олон улсын нисэх буудал) боомт болон Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтоор хуваарийн дагуу хил нэвтэрч байгаа ачаа тээврийн галт тэрэг, зүтгүүрийн бие бүрэлдэхүүн, агаарын хөлгийн багийн гишүүдийг зохих журмын дагуу шалгаж улсын хил нэвтрүүлнэ.

 

- Монгол, Хятадын хилийн Булган-Такашикен, Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Замын-Үүд-Эрээн, Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг автозамын боомтоор хил нэвтэрч байгаа тээврийн автомашин болон тэдгээрийн жолооч нарыг зохих журмын дагуу шалгаж улсын хилээр нэвтрүүлнэ.

 

- БНХАУ-руу албан ажлын зайлшгүй шаардлагаар зорчих тохиолдолд Улсын онцгой комиссын даргын зөвшөөрлөөр улсын хил нэвтрүүлнэ.

 

Гадаадын иргэд:

 

Монгол улс, БНХАУ-ын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсаас ирж байгаа гуравдагч орны иргэн, харъяалалгүй хүнийг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улс руу нэвтрүүлэхгүй.

 

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлийг гаалийн газар, хороодод дотоод сүлжээгээр хүргэж, гаалийн сайтад байршуулахаар ХМССТ-д дотоод зурвасаар хүргүүлсэн.

 

Он гарснаар БНХАУ-ын Ухань хотоос импортолсон бараа Монгол Улсад байхгүй. 2020 оны нэгдүгээр сард Монгол Улс 1200 тонн тахианы мах, 13.8 сая ширхэг өндөг импортолсон байна. Тахианы махыг зөвхөн БНХАУ-аас импортолсон бол хоёрдугаар сар гарснаас тахианы мах импортлоогүй. Өндөгний хувьд зөвхөн ОХУ-аас импортолсон байна.

 

Гаалийн байгууллагаас эмнэлгийн зориулалтаар ашиглах амны хаалтыг ЭМЯ-ны тусгай зөвшөөрөлтэйгээр, хувь хүмүүсийн хэрэглэх амны хаалтыг тусгай, зөвшөөрөл лицензгүйгээр Засгийн газрын 2009 оны тогтоолын дагуу татвараас чөлөөлж шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа" гэдгийг онцоллоо.

 

Хил дээр нийт 670 орчим гаалийн улсын байцаагч ажиллаж байгаа аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Tatvaraas chuluuldun ch gesen araas ni hyanalt taviachee emiin sanguud mask duussan gesen bichig uudendee naachaad orohoor zsrim ni ireegui bna neg heseg ni saya duuschlaa geed zarj bgaa yum barag alga
2020-02-09
Зочин:
Маск ариутгалын бодисоо татвараас бүрэн чөлөөлөөч , хувь хүний ,эхээр арай л биш байна. Маскыг албан газрууд хэрэглэх үү. Дандаа хувь хүмүүс хэрэглэнэ биз. Жаахан эрүүл юм ярихад яадаг байнаа.
2020-02-08
irgen:
gaalid irged mash ih tatvar toldog yyniig ulsad orj baigaag shalgadag umuu,,,,uls hogjihoor l ih horongo ordog !!!
2020-02-07