“Хол атлаа ойрхон Монгол орон” үзэсгэлэн нээлтээ хийв
2020-02-07

Монгол, Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедицийн 50 жилийн ойд зориулан Улсын Дарвины музей, Оросын Шинжлэх ухааны академийн А.Н.Северцовын нэрэмжит Байгаль орчин, хувьслын хүрээлэн хамтран зохион байгуулж буй “Хол атлаа ойрхон Монгол орон” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаа 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр болов.

 

Улсын Дарвины музейд 3 сарын хугацаанд ажиллах энэхүү үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагааг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Д.Галсандондог, Дарвины Улсын музейн захирал, ОХУ-ын Соёлын гавьяат ажилтан А.И.Клюкина нар нээж,  үг хэлэв.

Элчин зөвлөх Д.Галсандондог Монгол орны байгаль, газар нутгийн  давтагдашгүй байдлыг харуулсан, ховор ан амьтны чихмэл, ургамлын дээжийн арвин үзмэртэй энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй байгууллага, эрдэмтэн судлаачдад талархал илэрхийлээд “энэхүү үзэсгэлэн нь Монголын байгаль, нүүдэлчдийн амьдралын аж төрөх ёсны тухай үзэгчдийн, ялангуяа хүүхэд, залуучуудын танин мэдэхүйн мэдлэгийг тэлэх, тэдэнд мартагдашгүй сайхан сэтгэгдэл үлдээж, улмаар Монгол орныг улам бүр сонирхон судлах, очиж үзэх сэдлийг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.

 

“Хол атлаа ойрхон Монгол орон” үзэсгэлэнд ургамал, амьтны аймгийн үзмэрээс гадна амьтан судлаач, зураач К.К.Флёровын уран зургууд, Улсын Дарвины музей, Дорно дахины улсын музейн сан хөмрөгийн эд өлгийн зүйлүүд тавигдсан ажээ.

 

 

 

Арга хэмжээний үеэр Москва хотноо суралцаж буй Монгол оюутнууд урлагийн бэсрэг тоглолт хийв.Нээлтийн ёслолын ажиллагаанд академич Ч.Дугаржав, академич Ю.Ю.Дгебуадзе нарын нэрт эрдэмтэд, соёлын зүтгэлтнүүд оролцож үг хэлсэн бөгөөд тэд “нэг дор ийм олон эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирсэнд сэтгэл нэн хангалуун байгаа”-гаа илэрхийлээд “музейн үзэсгэлэн зорилтод бүлэгт чиглэгдсэн байдгаас гадна тухайн сэдэвт хамгийн өндөр ач холбогдол өгч буйг илэрхийлдэг” хэмээн онцолж байв. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын ажиллагаад 200 орчим хүн оролцов.

Эх сурвалж: ГХЯ

Shuud.mn
Сонин хачин