Цуй Тянькай: ТИТЭМ ВИРУСИЙГ биологийн зэвсэгтэй холбох нь "СОЛИОРОЛ"
2020-02-10

 

Хятадад шинэ төрлийн титэм вирус дэгдсэнээс хойш хэвлэлүүдээр энэ вирусийн талаар төрөл бүрийн цуурхал, таамаглал гарсаар байгаа юм. Тэр дундаа вирусийн үүсэлтэй холбоотой цуурхал газар авч байгаагийн дээр өндөр албан тушаалтнууд, шинжээчид ч вирусийг "биологийн зэвсэг" хэмээн үзэж байгаагаа ч илэрхийлж байв. 

 

Эдгээр хүмүүсийн нэг болох АНУ-ын сенатч Том Коттон вирусийн голомт болсон Ухань хотод "Хятадад цорын ганц байх био аюулгүй байдлын дөрөвдүгээр түвшний супер лаборатори ажилладаг бөгөөд тэнд титэм вирус зэрэг үхлийн аюултай бичил организмуудыг ашигладаг" хэмээн мэдэгдсэн нь ихээхэн шуугиан тарьсан. 

 

Харин энэ мэдэгдлийг БНХАУ-аас АНУ-д суугаа Элчин сайд няцаажээ. Тодруулбал, шинэ төрлийн титэм вирусийг биологийн зэвсгийн боловсруулалттай холбон тайлбарлаж байгаа аливаа таамаглал, онол нь "солиорол" гэж Вашингтонд суугаа Хятадын элчин сайд Цуй Тянькай мэдэгдсэнийг CBS News суваг дамжууллаа.

 

"Сэжиг, цуурхал дэгдээж, хүмүүсийн дунд тэдгээрийг тараах нь нэн аюултай. Нэгдүгээрт, энэ нь цочирол үүсгэнэ. Түүнээс гадна арьс өнгөөр ялгаварлах байдлыг үүсгэх бөгөөд энэ нь вирустэй тэмцэх бидний хамтын хүчин зүтгэлд хор хохирол учруулах юм" хэмээн элчин сайд мэдэгдээд Хятад эсвэл АНУ дахь цэргийн лабораторид шинэ төрлийн вирусийг гарган авсан гэх цуурхалуудыг "солиотой хэрэг" хэмээжээ.

 

Өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ төрлийн титэм вирус хэрхэн үүссэн талаарх асуудалд олон зүйл өнөөг хүртэл тодорхойгүй байгаа ч янз бүрийн орны эрдэмтэд эдгээрийг тодруулахаар ажиллаж байгааг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. Мөн урьдчилсан мэдээллээр, вирус амьтнаас гаралтай гэж таамаглаж байгааг элчин сайд сануулжээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин