ТИТЭМ ВИРУС Африкийн орнуудын эдийн засагт цохилт өгөв
2-11

 

Шинэ төрлийн титэм вирусийн дэгдэлтээс үүдсэн дам нөлөө Африкийн орнуудын эдийн засагт цохилт өгсөн талаар Capital Economics мэдээллээ. Түүхий эдийн үнэ эрс унасан нь Африк тив даяарх эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлсэн байна.

 

Хятадад шинэ төрлийн өвчний улмаас аялал жуулчлал, үйлдвэрлэл гэсэн салбаруудад үйл ажиллагаа зогссон. Халдварын тархалтыг нэмэгдүүлэхгүйн үүднээс жуулчдын урсгалыг хориглож, үйлдвэрүүдийг хааснаар нийлүүлэлтийн гинжин хэлхээ тасалдсан юм.

 

Хятадын боомтуудыг хааснаар газрын тосны импортлогчид худалдан авалтаа цуцлан, борлуулагчид өөр боломж хайхаас аргагүй болсон гэж хөгжиж буй орнуудын эдийн засаг судлаач Жон Эшборн  Capital Economics-д өгүүлжээ. 

 

Эшборны өгүүлснээр, Анголд Sonangol газрын тос, хийн компани нийлүүлэлтэд гарсан ачааныхаа нэг хэсгийг хямдруулан зарахаас аргагүй болсон гэнэ.

 

"Үнийн өөрчлөлт Африкийн түүхий эд экспортлогчидод бүгдэд нь нөлөөлж байгаа ч ихэвчлэн Баруун Африкийн газрын тосны экспортлогчид илүүтэй өртөж байна" хэмээн Эшборн онцолжээ.

 

Шинэ төрлийн титэм вирус дэгдсэнээс хойш Брент маркийн газрын тосны үнэ унасан. Он гарснаас хойш энэ газрын тосны үнэ 16,96 хувиар буурсан бол даваа гаригт баррель нь 54 ам.доллар гаруй үнээр борлуулагджээ.

 

Сүүлийн өдрүүдэд Африкийн экспортын зах зээл ихээхэн хамаардаг төмрийн хүдэр, зэс зэрэг бусад үндсэн металлуудын үнэ ч эрс унасан байна.

 

Африк тивийн Конго улс гэхэд л аж үйлдвэрийн барааны экспорт тус улсын ДНБ-ий 70 орчим хувийг эзэлдэг бол Хятад руу хийх экспорт ДНБ-ийнх нь 50 гаруй хувийг эзэлдэг. Ангол улсын ДНБ-ий 20 гаруй хувь нь Хятадын экспортоос хамаардаг бөгөөд ийнхүү Хятад улсад шинэ төрлийн титэм вирус дэгдэн, олон салбар зогсонги байдалд орсноор эдгээр орнуудын эдийн засагт хүндхэн цохилт ирж байгаа юм. Мөн Замби, Конго, Нигер, Гана улс ч ихээхэн сөрөг үр дагавартай нүүр тулжээ. 

 

Мөн, хэдийгээр Африк тивд шинэ төрлийн титэм вирус бүртгэгдээгүй ч энэ тив Хятадтай нягт харилцаатай байдаг гэдгээрээ эрсдэлтэй бүсэд орж байгаа юм.

 

Шинэ төрлийн титэм вирусийг дэлхий дахины хэмжээний онц байдал хэмээн өнгөрсөн долоо хоногт зарласан ДЭМБ шинэ төрлийн өвчнийг "эрүүл мэндийг хамгаалах систем нь сул орнуудад титэм вирус амархан дэгдэнэ гэдэгт санаа зовниж байгаа"-гаа илэрхийлж байв. 

 

Вань Цинсун: Хятад ТИТЭМ ВИРУСИЙГ ЯЛНА

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Нарантуул болон бусад захуудын хаалган дээр орж, гарч буй хvмvvст ариутгал хийх хэрэгтэй байна.
2020-02-11
Bat:
Нарантуул болон бусад захуудын хаалган дээр орж, гарч буй хvмvvст ариутгал хийх хэрэгтэй байна.
2020-02-11