ТИТЭМ ВИРУС: ОХУ-д халдвар авсан хүний тоо нэмэгдээгүй
2020-02-11

 

Орост шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй гэж ОХУ-ын ЭМЯ мэдээлснийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь гарсан хоёр тохиолдлоос өөр халдвар авсан хүн гараагүй бөгөөд ОХУ-ын Хэрэглэгчийн хяналтын газар  шинэ төрлийн титэм вирусийг илрүүлэх зорилгоор явуулж буй хяналттай холбоотой өөрчлөлтүүдийн талаар өдөр бүр мэдээлж байгаа аж.

 

"Хяналтын арга хэмжээний хүрээнд 852 хүн амьсгалын замын хурц вирусийн халдварын шинж тэмдэгтэй хүмүүсийг оношилгоонд хамруулсан. Оношилгоо, шинжилгээний дүнд эдгээр хүмүүс нь ханиад, томуу, улирлын томуу, амьсгалын замын хурц вирусийн халдвартай нь тогтоогдсон. Шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан хүн гараагүй" хэмээн Хэрэглэгчийн хяналтын газар мэдээлжээ. 

 

Эргэн сануулахад, өнгөрсөн оны сүүлээс эхлэн Хятадад дэгдсэн шинэ төрлийн титэм вирус дэлхийн олон оронд бүртгэгдсэн бөгөөд БНХАУ-тай хиллэдэг улс орнууд эрсдлийн бүлэгт багтаж байгаа. Орос улсад нэгдүгээр сарын 31-нд шинэ төрлийн титэм вирусийн халдварын хоёр тохиолдол илэрсэн юм.

 

Ийнхүү  Орост үхлийн аюултай вирус бүртгэгдсэнтэй холбоотойгоор  ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустиний зарлигаар Хятадтай хиллэх хилийг хааж, Монгол-Оросын хилээр БНХАУ-ын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосны дээр БНХАУ-ын иргэдэд ажлын виз олгохоо түр зогсоосон.

 

Түүнчлэн, хоёрдугаар сарын нэгнээс Орос улс Хятадтай харилцах агаарын харилцаагаа зогсоосноор одоо зөвхөн "Аэрофлот" компанийн Бээжин, Хонконг, Шанхай, Гуанжоу гэсэн нислэгүүд л үлджээ. Мөн нэмэлт арга хэмжээ болгон Оросын иргэдийг Хятадын зарим мужуудаас нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж байв. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин