ТИТЭМ ВИРУС: Орост ТИТЭМ ВИРУСИЙГ оношлох шинжилгээг хэрхэн авдаг вэ?
2020-02-12

 

Хятадад дэгдсэн 2019-nCoV шинэ төрлийн титэм вирус дэлхийн хэвлэлүүдийн гол сэдэв болоод хэдийнэ хоёр сар боллоо. Халдвар авсан хүмүүсийн тоо улам нэмэгдсээр, Хятадтай хиллэдэг улс орнууд ч өндөр эрсдэл дунд хэвээр байна. 

 

Манай хойд хөрш Орост шинэ төрлийн титэм вирусийн хоёр тохиолдол бүртгэгдсэн нь хоёулаа Хятадын иргэн байсан. Энэ улсад нэмж халдвар авсан хүн гараагүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгаа юм.  Мөн халдварын сэжигтэй тохиолдлуудыг яаралтай оношилж байгаа бөгөөд ийнхүү оношлохдоо ямар журмаар, хэрхэн шинжилгээ, оношилгоо хийж байгаа талаар Комсомольская правда сурвалжилжээ.

 

Орост өвчний сэжигтэй тохиолдол гарвал тухайн хүнээс шинжилгээ аван Новосибирск хотын  ойролцоо байх "Вектор" вирус судлалын төв рүү илгээдэг аж. Энэ төв рүү Оросын өнцөг булан бүрээс төдийгүй гадны орнуудаас ч шинжилгээний дээж ирдэг аж. Тиймдээ ч Новосибирск хотынхон аюул ойрхон зөрж байна хэмээн эмээж байгаа гэнэ. Харин үнэхээр аюул ойрхон байгаа эсэх, шинжилгээг лаборатори руу хэрхэн хүргэдгийг "Комсомольская правда" тодруулжээ.

 

"Вектор" төв хаалттай байгууллага бөгөөд дэлхий дээрх хамгийн аюултай вирусуудыг судлах, тэдгээрийн эсрэг вакцин боловсруулах ажлыг гүйцэтгэдэг аж.

 

Өвчтөнөөс шинжилгээ авах, сорьцыг баглах ажиллагаа тусгаарлагдсан өрөөнд хийгддэг гэнэ. Биологийн материалыг олон давхар хамгаалалтаар хангах бөгөөд хуруу шилнүүдийг бат бэх хуванцараар хийсэн байна. 

Зай завсар орохооргүй тагаар таглаж, тагыг дээрээс нь парафин туузаар ороодог гэнэ. Үүний дараа хуруу шилийг түгжигддэг, битүүмжлэлтэй уут руу хийж, хажуууд нь халдваргүйжүүлэх уусмал шингээсэн хөвөн хавчуулах аж. Энэ нь хуруу шилнээс сорьц асгарсан тохиолдолд маш хурдан шингээж авах зориулалттай юм байна. 

 

Нэг уутыг нөгөө рүү нь хийж, эхний уутыг түгжиснээс эсрэг чиглэл рүү хоёр дахь уутыг түгждэг. Дараа нь хөвөн болон хуруу шилтэй уутнуудыг төмөр саванд хийх бөгөөд савыг дотор талаас нь халдваргүйжүүлэх уусмал болон хэт ягаан туяагаар ариутгадаг байна.

 

 

Дараа нь энэ савыг дахин өөр сав руу хийнэ. Ингээд тээвэрлэх явц эхлэх бөгөөд тээвэрлэх савыг гадны дулаанаас хамгаалахын тулд саванд хөргөгч элементүүд байх аж. Улмаар тээвэрлэх савыг тамгалж, тэмдэглэгээ хийгээд, аюулгүй ажиллагааны зааварчилгаанд хамрагдаж, аюултай ажил хийх тусгай зөвшөөрөл авсан мэргэжилтнүүд хамгаалалтын хувцас өмсөн, дээжийг "Вектор" төв рүү хүргэдэг юм байна. Савыг эргүүлэн авчрахдаа хэдэнтээ ариутгадаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин