"Титаник"-ийн музейд алдарт хийлийг тавина
2-12

 

 

Америкийн Миссури мужид байх Titanic Museum Attraction галерейд 1912 онд живсэн "Титаник" онгоцны хамгийн үнэтэй үзмэр болох, хөгжимчин Уоллес Хартлигийн хийлийг тавихаар болжээ. Хийлч Уоллес хөлөг онгоц живж байхад бусдыг тайвшруулах зорилгоор хийлээ тоглосоор амь алдсан эмгэнэлт түүхтэй.

 

 

NBC агентлагийн мэдээлснээр, дээрх хөгжмийн зэмсэг хувь хүний цуглуулагад байсан бөгөөд Титаник хөлөг онгоцноос олдсон эд зүйл дундаас хамгийн өндөр үнээр буюу 1,7 сая ам.доллараар худалдан авчээ.  Энэ хийлийг эзэмшиж байгаа хүн нэрээ нууцлахыг хүссэний дээр алдарт хөгжмийн зэвсэгийг "Титаник"-ийн сүйрэлд зориулсан музейн үзмэр дунд хэсэг хугацаанд тавьж, хүмүүст үзүүлэхийг зөвшөөрсөн байна.

 

"Энэ бол хамгийн алдартай үзмэр. Энэхүү хөгжмийн зэмсгээр хөгжимчин, найрал хөгжмийн удирдаач Уоллес Хартли хөлөг живж байхад хөгжим тоглож байсан" хэмээн галерейн захирал Эндрю Олдриж онцолжээ.

 

Хөгжимчин Хартлид энэ хийлийг сүйт бүсгүй нь бэлгэлжээ. Найруулагч Жеймс Кэмероны "Титаник" кинон дээр живж буй хөлөг онгоцны тавцан дээр гэнэт хөгжим тоглож эхэлдэг үзэгдэл бодит үйл явдлаас сэдэвлэсэн байна. Хөлөг онгоц  мөсөн уултай мөргөлдсөний дараа Уоллес Хартли нарын хөгжимчид  зорчигчдыг тайвшруулахаар эцсийн мөч хүртэл хөгжим тогложээ. 

 

 

Харамсалтай нь хийлч болон бусад хөгжимчид амьд гарч чадаагүй байна. Хартлигийн цогцосыг сүйрэл болсноос хойш хоёр долоо хоногийн дараа олсон бөгөөд тэрбээр энгэртээ хийлээ чанга тэврэн нас барсан байжээ.

 

Улмаар хийлийг хөгжимчний сүйт бүсгүй Мари Робинсонд өгснийг бүсгүй "Авралын арми" шашны байгууллагад хандивласан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин