ТИТЭМ ВИРУС: Сингапур шуурхай арга хэмжээ авсан бол Лондонд халдварын анхны тохиолдол гарчээ
2020-02-13

 

 

Их Британийн нийслэл Лондон хотод Covid-19 титэм вирусийн анхны тохиолдол бүртгэгджээ. ВВС агентлагийн мэдээлснээр, хэдэн өдрийн өмнө Хятадаас ирсэн эмэгтэй онгоцноос буусны дараа бие нь тавгүйрхэж, вирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн хэмээн эмч нарт хандсан байна. Түүнээс шинжилгээ авахад шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан нь батлагдсан бөгөөд өвчтөн одоо Сент-Томас эмнэлгийн халдварын тасагт эмчлүүлж байгаа аж.

 

Ийнхүү Хятадаас ирсэн эмэгтэйн онош батлагдсанаар Их Британид титэм вирусийн халдварын ес дэх тохиолдол нь болсон байна.

 

Хятадаас үүдэлтэй шинэ төрлийн титэм вирусийн тархалт өдөр бүр нэмэгдэж, дэлхийн хорь гаруй оронд бүртгэгдсэн. Тиймдээ ч олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулагчид үйл ажиллагаагаа хойшлуулах , цуцлах шийдвэрүүдийг гаргасаар байгаа юм.

 

Тухайлбал, Олон улсын автомашины холбоо Хятадад болохоор төлөвлөгдсөн "Формула-1"-ийн Гран-приг титэм вирусийн дэгдэлтийн улмаас хойшлуулжээ.

 

Сингапур шуурхай арга хэмжээ авав 

 

Дэлхийн олон оронд титэм вирусийн халдвар тархсан энэ үед хамгийн хүнд нөхцөл байдалтай байгаа орнуудын нэг нь Сингапур юм. Энд шинэ төрлийн титэм вирусийн халдвартай 37 тохиолдол бүртгэгджээ. 

 

Даваа гаригт, Сингапурын томоохон банк болох DBS 300 орчим ажилтнаа яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Учир нь тус банканд ажилладаг нэг хүнээс титэм вирусийн халдвар илэрчээ.

 

"Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд халдварг авсан хүнтэй нэг давхарт ажиллаж байсан бүх хүнийг нүүлгэн шилжүүлсэн, тэд гэрээсээ ажиллана" гэж банкны удирдлага мэдэгдээд халдвар авсан ажилтан болон түүний гэр бүлийнхэнд шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлнэ гэдгээ онцолжээ. 

 

Мөн халдвар авсан хүнтэй ойр байсан хүмүүсийг тогтоох ажил явагдаж байгаа гэнэ. 

 

Сингапурт халдвар авсан хүний тоо их байгаа тул халдвар тархах аюулын түвшнийг улбар шар болгон нэмэгдүүлсэн байна. Сингапурын бараг бүх компани ажилтнуудынхаа биеийн халууныг байнга шалгадаг журамтай болжээ.

 

Мөн Сингапурт болох авиа салоныг аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэн зохион байгуулахаар бэлдэж байна. Тус бүс нутагт халдварын нөхцөл байдал хүндэрсэн, олон улсын зарим компаниуд авиа салонд оролцохоос татгалзсан ч зохион байгуулагчид бэлтгэл ажлаа хэдийнэ эхэлжээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр арга хэмжээний оролцогчид болон сонирхон ирэх хэн бүхний биеийн халууныг шалгах аж.

 

Азийн хамгийн том агаарын шоу гэгддэг Сингапурын энэхүү арга хэмжээнд оролцохоос олон улсын 70 гаруй компани татгалзсан байна. Тэдгээрийн дунд энэ салбарын томоохон компаниуд болох  Lockheed Martin, Raytheon, Honeywell Aerospace, Textron Aviation, Bombardier,Gulfstream багтжээ. Боинг компани шоунд оролцох эсэхээ сайтар хэлэлцэн шийднэ гэсэн бол Өмнөд Солонгосын Black Eagles нислэгийн баг шоунд оролцохоос татгалзсан байна. 

 

Энд дуулгахад, хоёр жилд нэг удаа болдог энэхүү агаарын шоу нь Сингапурын томоохон үйл явдлуудын нэгд тооцогддог. Өмнө нь 2018 онд болсон агаарын шоуг 80 мянга гаруй үзэгчтэй, 54 мянган оролцогчтой болж өнгөрөн 247 сая ам.долларын орлого оруулжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин