ШУУД: Экспорт, импорт хэвийн үргэлжилнэ, зохиомол хомстол үүсгэхгүй байхыг уриалж байна
2020-02-13

 

Засгийн газрын ээлжит бус  хуралдаанаар БНХАУ-тай хиллэдэг хилээ маргаашнаас хаах шийдвэр гаргалаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.

 

 

-БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудаа хаалаа. Үүнтэй холбоотой ямар зохицуулалт хийгдэх вэ?

 

-Өнөөдөр агаарын тээврийн сүүлчийн нислэг 18:00 цагт бууна. Маргаашнаас эхлээд Монгол Улс, БНХАУ хоорондын агаарын болон  төмөр замын зорчигч тээвэр бүрэн зогсож байгаа.  Хоёр долоо хоногийн өмнө Засгийн газар урд хөршийн болон гурав дахь улсын иргэд Хятад улсын хилээр дамжиж орж ирэхгүй гэдэг тогтоол гаргаж байсан. Энэ хугацаанд 6000 гаруй монгол иргэнээ татаж авсан. Харин маргаашнаас энэ бүх ажиллагаа зогсож байна. Харин ГХЯ, ЭСЯ-д, консулын газраар дамжуулан ихэнх иргэдээ урд хөршөөс татаж авсан. Урд хөршөөс авах иргэдээ тусгай үүргийн онгоцоор татаж авахаас өөр аргагүй. Бид урд хөршид байгаа иргэдээ мэдээллээр хангаж ажиллаж ирсэн. Одоо  хувь  хүмүүсийн хариуцлагын асуудал үүсээд байгаа. Төр шат дараатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсээр байна.  Одоо авч ирэх иргэд зардлаа өөрсдөө гаргана. Тусгай үүргийн онгоцоор авчирсан даруйд ньУлаанбаатараас зайтай ОБЕГ-ын харъяа газарт тусгаарлаж, шинжилгээ авч, эрсдэлгүй нөхцөл байдлыг хангаж ажиллана.  

 

-Хил хаасантай холбоотой олон нийт хүнсний нөөцөө базаая гэж байна. Тэгэхээр урд хөршөөс бараа, бүтээгдэхүүн татах уу?

 

-Зорчигч тээврийн урсгалыг урд хөршид бүрэн зогсоож байна. Нүүрсний тээвэр зогссон, зэсийн баяжмалын экспорт гарч байна.  Хятад улсаас экспорт, импорт хэвийн үргэлжилж байгаа. Бусад улс орнуудаас экспорт, импортын бараа бүтээгдэхүүн авах арга хэмжээг төрийн бүх шатны байгууллага авч хэрэгжүүлж байна. Улсын онцгой комиссын үүргийн дагуу стратегийн бараа бүтээгдэхүүнээ нөөцөлдөг. Тиймээс ард иргэдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ нөөцөлж, зохиомол хомстол үүсгэхгүй байхыг уриалж байна. Мах, гурил зэрэг стратегийн бараа бүтээгдэхүүний нөөц хэвийн байгаа. Ачаа  тээврийгн автоомашиныг одоогоор нэвтрүүлж байгаа. Тусгай битүүмжлэлтэй оруулж байна. Тиймээс өргөн хэрэглээний бараа хомстох вий гэсэн айдсыг төрүүлж болохгүй. 

 

-Маскны хомсдол байна. Дотоодоо хангамжийг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч байна вэ?

 

-ХХААХҮЯ, ЭМЯ энэ талаар  сайн ажиллаж байгаа.  Дотоод нөөц бололцоогоо ашиглаж байна. Дэлхий нийтээр маскны хомстол бий болж байна. Бүхий л талын арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Энэ жилийн хувьд Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гарсан. Цагаан сарыг хориглож байна, яаж хараа хяналт тавих вэ гэдэг. Тиймээс бидний бие биедээ тавих хараа хяналт чухал байна.

Shuud.mn
Сонин хачин