ТИТЭМ ВИРУС: Халдвараас сэргийлэх аргууд болон өвчлөлийн өнөөгийн байдал
2020-02-14

 

Хятадад дэгдсэн шинэ төрлийн титэм вирусийн тархалтын цар хүрээ нэмэгдэж, олон оронд өвчлөлийн тохиолдол бүртгэгдсэн энэ үед олон хүн хилийн чанад руу аялахаас татгалзсаар байна. Гэхдээ ажил хэргийн уулзалт, албан томилолтоор гадны орныг зорих бол яах вэ? Татгалзаж мөн цочирдох хэрэггүй, гагцхүү өөрийгөө хамгаалах аргуудыг сайтар мөрдөх хэрэгтэй гэж олон улсын эмч нар зөвлөж байна. 

 

Тухайлбал, Оросын алдартай хүүхдийн эмч, телевизийн хөтлөгч Евгений Комаровский шинэ төрлийн титэм вирусээс хэрхэн хамгаалах тухай зөвлөгөө өгчээ. 

 

ДЭМБ-аас өгсөн зөвлөгөө

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан, титэм вирусээс хамгаалах найман дүрэм нь зөвхөн титэм вирусээс төдийгүй  өөр олон вирусийн гаралтай өвчнүүдээс сэргийлнэ гэж Комаровский эмч онцолжээ.

 

  • Гараа ойр ойрхон савандаж угаа. Хорин секундээс дээш хугацаагаар гараа угаах хэрэгтэй. Гар угаах боломжгүй бол спирттэй салфетка ашигла.
  • Ханиаж, найтаахдаа ам, хамраа заавал дар. Гэхдээ алгаараа биш бугуй хэсгээрээ эсвэл амны цаас, алчуураар дарна. Гарлуугаа найтаачихсан бол энэ гараараа нүүр амандаа хүрэхгүй байх хэрэгтэй. Ханиаж, найтаахдаа ашигласан алчуур, салфеткийг тэр дор нь хаяж, гараа ариутгаарай. 
  • Нүд улайсан, ханиасан зэрэг вирусийн шинж тэмдэг бүхий хүмүүсээс дор хаяж нэг метрийн зайд зогсоорой.
  • Хамар болон нүдэндээ бүү хүр. Таны гар халдварын эх үүсвэр гэдгийг санаарай.
  • Та Хятадад байсан эсвэл Хятадаас ирсэн хүмүүстэй харьцсан, мөн үүний дараа вирусийн халдварын шинж тэмдэг, ялангуяа халуурсан, амьсгал давчидсан бол нэн даруй эмчид хандаарай.
  • Хятадаас ирсний дараа вирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн бол гэртээ эмч ирэхийг хүлээж, хэнтэй ч харьцаж болохгүй. 
  • Амьд амьтан зардаг захаар очихгүй байх. 
  • Хүнсэндээ амьтны гаралтай түүхий болон шүүрхий болгосон бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхий.

 

Сүүлийн хоёр зөвлөгөө нь ялангуяа аялагчдад нэн чухал юм. Учир нь шинэ төрлийн титэм вирус анх Ухань хот дахь амьтны зах дээр ажилладаг худаалдаачдын дундаас илэрсэн.

 

Нислэгийн үед титэм вирусээс хэрхэн хамгаалах вэ?

 

Нисэх буудал руу очихоосоо өмнө амны хаалт нөөцөлж авахыг Комаровский эмч зөвлөжээ. Амны хаалтыг гурван цаг тутам солих шаардлагатай тул их хэмжээгээр авахыг зөвлөсөн байна. Мөн хэрэглэсэн амны хаалтуудаа хийх битүүмжлэлтэй уут бэлдэх шаардлагатай.

 

Спиртийн агууламж нь 70 хувиас дээш ариутгагч авч яван гар болон хүрч буй бүхий л эд зүйлээ арчих хэрэгтэй. Нисэх буудал дээр гараа урсгал усанд тогтмол угаах шаардлагатай гэнэ.

 

Нислэгийн үеэр онгоцон дотор аль болох бага явах, боломжтой бол суудлаасаа босохгүй байхыг зөвлөжээ. Учир нь онгоцон дотор агаарын урсгалын онцлогтой холбоотойгоор  онгоцон дотор байнга босч явах нь халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг гэнэ.

 

Ханиаж , найтаалгах шинж тэмдэгтэй хүмүүсээс хол байх хэрэгтэй. Нислэгийн үеэр халдвар авах эрсдэл хоол, унд хэрэглэх үед нэмэгддэг гэнэ. Тиймээс амны хаалтаа авахгүйн тулд аль болох хоолноос татгалзахыг зөвлөжээ. Харин Airbus -ийн шинэ онгоцнуудад санаа зовнилгүй зорчиж болох бөгөөд учир нь эдгээр шинэ онгоцнуудын доторх агаарыг 2-3 минут тутамд сэлгэдэг аж. 

 

 

Титэм вирусийн тархалттай холбоотой эерэг мэдээллүүд

 

Ухань хотод сүүлийн долоо хоногт өвчтэй эхээс гурван хүүхэд төрсөн нь бүгд эрүүл байгаа гэнэ. Гэхдээ эхээс урагт халдвар дамжихгүй гэсэн баталгаа байхгүй, мөн дамждаг гэдэг нь ч эцэслэн батлагдаагүй юм. 

 

Шинэ төрлийн титэм вирусийн халдвар авсан, өндөр настай, дархлаа суларсан хүмүүс ч эдгэрэх боломжтойг харуулсан үйл явдал өнгөрсөн долоо хоногт болсон. Тодруулбал, Ухань хотын 91 настай оршин суугч 14 хоног эмчлүүлсний дүнд эдгэрч, хоёрдугаар сарын долоонд эмнэлгээс гарчээ. 

 

Шинэ төрлийн титэм вирусийг дөрөвдүгээр сар гэхэд бүрэн ялна гэж үзэж байгаа. Олон орны вирус судлаачид хоёрдугаар сард оргил үе нь тохиож, улмаар халдвар бууран, дөрөвдүгээр сард байдал тогтворжино гэж үзэж  байгаагаа илэрхийлсэн юм. Эмч нарын өгүүлснээр, вирус хүйтэнд тэсвэртэй, харин цаг агаар дулаарахаар халдвар тархах нь аажмаар зогсох гэнэ. 

 

Таагүй мэдээллүүд

 

Хоёрдугаар сарын 18-нд Хятадын цагаан сартай холбоотойгоор сунгасан амралт дуусч, маш олон хүн ажилдаа эргэн орно. Зөвхөн дотооддоо гэхэд л 180 сая хүн үй олноор хөдөлгөөн хийх тул энэ нь вирусийн тархалтыг нэмэгдүүлж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.

 

Шинэ төрлийн титэм вирусийн халдварын далд үе нь 14 биш харин 24 хоног байж болзошгүй гэсэн таамаглал бий. Эндээс үзэхэд хөл хорионы хугацаанд өөр хязгаарлалт тавих шаардлага тулгарч байгаа юм. Гэхдээ дээрх таамаглал хараахан батлагдаагүй байгаа гэдгийг онцлох нь зүйтэй.

 

Түүнчлэн Евгений Комаровский эмчийн онцолсноор, халдвар авсан хүний тоо албан мэдээллээс хэд дахин их байж болзошгүй гэнэ. Учир нь энгийн тест хангалтгүй, халдвар авсан хүмүүсийн 30-40 хувь нь оношлогдохгүй байгаа хэмээн эмч өгүүлжээ. Өвчнийг бүрэн илрүүлэхийн тулд уушгийг компьютер томографаар харах ёстой аж.

 

Энд дуулгахад, хоёрдугаар сарын 13-ны пүрэв гаригийн мэдээллээр, БНХАУ-ын төв хэсэгт байх Хубэй мужид COVID-19 шинэ төрлийн титэм вирусээр халдварласан хүний тоо 48,2 мянгыг давж, тэднээс 1310 нь нас барж, 3441 хүн эдгэрчээ.  Харин энэ мэдээлэл гарахаас нэг өдрийн өмнө, өвчний голомт болсон Хубэй мужид халдвар авсан хүний тоо 33,3 мянга, амиа алдсан хүний тоо 1068  гэж албан ёсоор мэдээлж байсан юм. Ийнхүү халдвар авсан хүний тоо эрс өссөн нь хүмүүсийн оношилгоог дахин нягталсан, шинэ төрлийн аргаар шинжилгээ оношилгоо хийсэн нь нөлөөлсөн бөгөөд ийнхүү шинээр оношлоход өмнө нь халдваргүй, эрүүл гэж тооцогдож байсан хүмүүсээс халдвар илэрчээ.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин