Т.Гантогтох: Гол нэрийн бараа бүтээгдэхүүнд хомсдол үүсэхгүй
2020-02-14

 

Эрүүл мэндийн яамнаас дэлхийн зарим улс оронд тархаад буй шинэ коронавирусийн талаарх нөхцөл байдал болон манай улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх ээлжит мэдээллийг хийлээ.



Хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өнгөрсөн 24 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тоо 3,977, нас баралт 120, эдгэрэлт 1,194 тохиолдлоор тус тус нэмэгдсэн" гэдгийг тодрууллаа.



Монгол Улсын Засгийн газраас шинэ коронавирусийн халдварт өвчинтэй холбоотойгоор “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” /хэсэгчлэн/ шилжүүлсэн. Тэгвэл эл байдалд холбогдох албаныхан хэрхэн ажиллаж буй талаарх мэдээллийг хүргэж байна.



ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох "Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хил хааснаар бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй.


Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас өндөг, шувууны мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтэд түр хязгаарлалт хийгээд байна.
Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс иргэд хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй.


Харин иргэддээ хандан хэлэхэд, та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна" гэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Shuud.mn
Сонин хачин